Францын нийслэл Парис хотод скүтер холбогдсон ослын тоо нэмэгдэх болж, явган хүний зам дээр скүтер ихээр овоорч, явган зорчигчдод саад учруулах зэргээр олон асуудал үүссэний улмаас энэ тээврийн хэрэгслийг хэрхэх талаар олон нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Санал асуулгаад Парисын оршин суугчид скүтерийг хориглох саналыг дэмжсэн байна. Гэхдээ энэ санал асуулгад бүртгэлтэй сонгогчдын ердөө найман хувь нь оролцсон гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, санал асуулгад оролцогчдын 90 орчим хувь нь скүтерийг хориглохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин санал асуулга болох үеэр скүтер түрээсийн компаниуд голчлон залуусаас бүрдэх хэрэглэгчдээ санал асуулгаар өөрсдийг нь дэмжихийг уриалж, ням гарагт скүтер үнэгүй ашиглахыг санал болгож байжээ. Хэдийгээр түрээслүүлэгч компаниуд ийм уриалга гаргасан ч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 1,38 сая хүнээс ердөө 91,3 мянган хүн буюу сонгогчдын найман хувь нь л энэ санал асуулгад оролцсон байна.
Олон нийтийн санал асуулгаар скүтерийг хориглох саналыг дэмжсэн тул Парис хотод скүтер түрээслүүлдэг гурван оператор компанийн зөвшөөрлийг сунгахгүй гэж хотын зөвлөл мэдэгджээ. Түрээсийн скүтер хориглосон ч хувийн эзэмшлийн энэ тээврийн хэрэгслийг ашиглаж болох юм байна. Парис хот скүтерийн нийслэл гэгддэг байсан бөгөөд одоо бусад хотууд Парисын жишгийг дагах вий гэдгээс олон улсын компаниуд эмээж, анхааралтай ажиглаж байна гэж ВВС онцолжээ.
Парис скүтерийн нийслэл болсон нь
Парис хот 2018 онд гар утасны апликейшний тусламжтайгаар богино хугацаагаар цахилгаан скүтер түрээслүүлэхийг зөвшөөрсөн Европын анхны хот болсон юм. Хүссэн хүн бүр скүтер түрээслэж, хүрэх газартаа очсон хойноо скүтерээ тэнд нь орхиж болдог аж. Хоёр дугуйт энэ тээврийн хэрэгслийг дэлгэрүүлснээр хотод машины яндангаас гарах утааны хэмжээг бууруулахыг эрх баригчид зорьжээ.
Гэвч цахилгаан скүтер туршсан эхний жилд л Парисын оршин суугчдаас байнга гомдол ирэх болов. Явган зорчигчтой мөргөлдсөн, явган хүний зам дээр скүтер олноор нь бөөгнөрүүлж, зам хааж орхисон гэх гомдлууд тасрахаа больжээ.
Ингээд олон нийтийн шүүмжлэлийн хариу болгон энэ тээврийн хэрэгслийг түрээслүүлэх болон ашиглахыг зохицуулах хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Эрх баригчид түрээслүүлэгч компанийн тоог гурав болгон буруулж, хурдны хязгаарыг 10-20 км/цаг болгосны дээр скүтер зогсоох тусгай бүсүүдийг бий болгожээ.Түүнчлэн скүтер ашиглаж байгаа хүмүүсийг тусгай эгрэл ойлгогч хантааз өмсөх шаардлага тавьж, урсгал сөрсөн тохиолдол 135 еврогийн торгууль оноохоор болсон байна.
Скүтерээс үүдэлтэй ноцтой ослууд
Хэдийгээр Парис хотод авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь дэлхийн аль ч оронд байхгүй хатуу арга хэмжээ болсон ч цахилгаан скүтерээс үүдэлтэй зам тээврийн ослын тоо өндөр хэвээр л байв. 2022 онд гэхэд Парист цахилгаан скүтертэй мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдаж, 460 хүн гэмтэж бэртжээ.
2021 онд Парисын эргийн гудамжаар явж байгаад цахилгаан скүтерт дайруулж амиа алдсан 31 настай Итали эмэгтэйн үхэл олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьж байв. Түүнчлэн ихэнх үйлчлүүлэгчид дуулга өмсдөггүй, мөн 12-оос дээш настай бүх хүн энэ скүтерийг түрээсээр авч болдог нь олны зүгээс шүүмжлэлтэй тулгарсаар байсан аж.
Өдгөө Парист 15 мянган түрээсийн скүтер байх бөгөөд эдгээр нь гурван операторт хамаардаг юм байна. 2023 оны эхээр тэдний зөвшөөрлийн хугацаа дууссан, үүнээс өмнө компани болон хууль тогтоогчдын хооронд Парис дахь цахилгаан скүтерийн түрээсийг цаашид хэрхэх тухай хэлэлцүүлэг өрнөжээ.
Олон намын төлөөлөгчид явган зорчигч болон скүтер ашиглаж байгаа хүмүүс, түүнчлэн замын хөдөлгөөний бусад оролцогчдын аюулгүй байдал сэтгэл түгшээж байгааг энэ хэлэлцүүлгийн үеэр онцолсон байна. Түнүчлэн энэ төрлийн тээврийн хэрэгсэл амархан эвдэрч, хог дээр хаягддаг тул хүрээлэн буй орчинд ээлтэй гэдэг нь ч эргэлзээ төрүүлж байгаа талаар ногоон намын гишүүн, Парисын орлогч дарга Давид Белльяр онцолж байв.
Харин түрээслүүлэгч компаниуд скүтер оролцсон осол Парис дахь нийт зам тээврийн ослын багахан хувийг эзлэж байгаа гэдгийг нотлохыг хичээсний дээр дэлхийд хаа ч байхгүй хатуу арга хэмжээ Парист хэрэгжиж байгааг сануулж байжээ. Одоо түрээсийн скүтер ашиглаад дадчихсан хүмүүс түрээсийн үйлчилгээг хориглосны дараа өөртөө ийм тээврийн хэрэгслийг ухдалдаад авчихна, ингэснээр замын нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй гэж түрээслүүлэгч компаниуд онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |