Одоогоос 50 жилийн тэртээ, 1973 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр түүхэнд анх удаа үүрэн холбооны утсаар дуудлага хийжээ. Моторола фирмийн инженер Марти Купер энэ дуудлагыг хийсэн аж.
Марти Купер үүрэн холбоо ашиглан анх удаа бусад руу залгахдаа гол өрсөлдөгч болох Жоэл Энгелийг сонгожээ. Жоэл Энгел мөн л үүрэн холбооны чиглэлд судалгаа, боловсруулалт хийж байсан Bell Laboratories компанийн мэргэжилтэн аж.
Өдгөө 94 настай Купер ВВС агентлагт ярихдаа, түүхэнд бичигдсэн тэр өдөр тэрбээр утасны дэвтрээсээ шаардлагатай дугаарыг олоод, том утасны аппаратаараа өрсөлдөгчрүүгээ залгах мөчид ойр хавийн хүмүүс түүнийг гайхшран харж байсан хэмээжээ.
"Жоэл, би чам руу гар утсаар, жинхэнэ үүрэн холбоогоор ярьж байна" гэж би хэлсэн. Хариу юу ч дугараагүй. Тэр шүдээ хавирахаас өөр юу ч хийж чадаагүй байх гэж боддог " хэмээн Купер тэр үеийг хөгжилтэйгээр дурсжээ.
1973 онд Куперийн ярьж байсан гар утас өнөөгийнхөөс огт өөр. Тухайн үеийн Motorola Dynatac 8000X утасны хэрэглэгчдэд зориулсан загварыг 11 жилийн дараа буюу 1984 онд л гаргажээ.
Гар утасны музейн захирал Бен Вудийн өгүүлснээр, тухайн үеийн энэ утас өнөөгийн мөнгөөр 11,7 мянган долларын үнэтэй байж. Өнөөгийн утаснаас олон талаар дутагдалтай, гагцхүү дугаар хийгээд ярих зориулалттай, мессеж бичих, зураг авах зориулалтгүй байсан бөгөөд нэг цэнэглэлтээрээ 30 минут ярих боломжтой, харин цэнэглэхэд 10 цаг зарцуулдаг, 15 см антеннтай байжээ. Ийм утасны жин 790 грамм байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |