БНХАУ-ын Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн улсын газрын орлогч дарга авлигын хэрэгт холбогдон баривчлагдсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Хятадын Спортын удирдах газрын орлогч сайд, 63 настай Ду Жаоцайг авлигын хэрэгт сэжиглэн, мөрдөн байцааж байгаа гэх мэдээллээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Тэрбээр 2019 онд энэ албан тушаалд очсон. Үүнээс өмнө спортын менежменттэй холбоотой албан тушаалыг 30 жил хашиж байжээ. Өмнө нь түүнийг ФИФА-ийн зөвлөлд сонгож байсан ч 2023 оны хоёрдугаар сард энэ албан тушаалаа алдсан гэнэ.
Энд дуулгахад, БНХАУ авлигын хэрэгтэй хатуу тэмцдэг бөгөөд нэгэнтээ, авлигын хэрэгт сэжиглэгдсэн, гадаад орнууд руу зугтсан хүмүүсийг эргүүлэн авчирж ял шийтгэл оноох зорилгоор "Үнэгний ав" аяныг зохион байгуулж, олон хүнийг хилийн чанадаас баривчлан авчирж байв. Хамгийн сүүлд гэхэд, 2022 оны есдүгээр сард олон албан тушаалтан авлигын хэрэгт сэжиглэгдэн ял сонссон юм. БНХАУ-д авлигын хэрэгт ялын дээд хэмжээ өгдөг, ингэснээр гэм буруутайд тооцогдсон хүмүүс цааз эсвэл бүх насаараа хоригдох ял сонсох нь олонтаа. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад сая гаруй хүн авлигын хэргээр ял сонссон гэх бөгөөд энэ нь Ши Жинпин өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаа хэрэг гэж зарим ажиглагчид үздэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |