Украины эсрэг дайнд эрх баригчдыг ихээхэн дэмждэг, суртал ухуулагчдын нэг гэгддэг блогчин Владлен Татарский Санкт-Петербург хотын нэгэн кафед болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан талаар Оросын болон бусад гадаадын хэвлэл мэдээлжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт Санкт-Петербург хотын "Стрит-фуд бар №1" кафед болсон байна. Энэ кафед Владлен Татарскийн уран бүтээлийн үдэшлэг болж байсан аж. Дэлбэрэлт болсны дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар 18:13 цагт болсон байна.
Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас өөр 30 хүн шархадсан бөгөөд тэдний 24 нь эмнэлэгт хэвтэж байгаа, зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж.
"Фонтанка" сонины мэдээлснээр, уран бүтээлийн үдэшлэгийн үеэр нэгэн эмэгтэй Владлен Татарскийд баримал бэлэглэсний дараа дэлбэрэлт болжээ. Энэ нь Татарскийг цэргийн дуулга өмсүүлэн дүрсэлсэн цээж баримал байсан гэнэ. Өөрийгөө зураач Настя гэж танилцуулсан бүсгүй өлгүүрийн хэсэг рүү очиж, тэндээс том хайрцагтай бэлэг авчирсан аж. Ингээд энэ бэлгээ Татарскийд өгснөөс гурван минутын дараа дэлбэрэлт болжээ. Одоо энэ бүсгүйг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ танхимд урьдаас дэлбэрэх бодис байрлуулсан гэсэн хувилбар ч дэвшүүлэн шалгаж байгаа юм байна.
Оросын мөрдөн шалгах хороо "нийтэд аюултай байдлаар" хүний амь насанд халдсан гэсэн зүй ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт буруутай этгээд 8-20 жил эсвэл бүх насаараа хоригдох ял сонсох заалттай аж.
Владлен Татарский гэж хэн бэ?
Дөчин настай байсан Владлен Татарский Z-блогчин гэдгээрээ алдартай, тэрбээр Телеграм сувагтай хагас сая гаруй дагагчтай. Татарский гэдэг нь зохиомол нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Максим Фомин гэдэг аж. Тэрбээр Донецк мужийн Макеевка хотод төржээ.
Оросын хэвлэлүүд түүнийг цэргийн сурвалжлагч гэж нэрлэж байгаа ч тэр сэтгүүлч биш, харин Украины дайны ажиллагаанд оролцож байсан гэнэ. Зарим хэвлэлийн бичсэнээр дайн гарахаас өмнө, 2014 онд Татарский банк зэвсэглэн дээрэмдсэн хэргээр шоронд сууж байжээ. Үүний дараа өөрсдийгөө тунхагласан Луганск улсын талд байлдах болсон байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зуруулахаар Татарскийг Кремльд урьж байжээ. Тэнд очсон хойноо тэгрбээр "Бүгдийг ялна, хэрэгтэй бүхнийг хөнөөнө, тононо. Бидний хүссэнээр болно. Хамтдаа тэмцэцгээе" хэмээн Оросын эрх баригчдыг дэмжсэн уриалга гаргаж байв.
Тэрбээр өнгөрсөн онд Оросын түрэмгийлэл эхэлмэгц зэвсэг барин байлдааны бүс рүү дахин явжээ. Татарский Телеграм сувагтаа дайны явцын талаар байнга мэдээлж, мөн Оросын төрийн хэвлэлүүдэд ярилцлага өгдөг байсан гэнэ.
Түүний амь насанд халдсан талаарх мэдээлэл гарсны дараа Оросын суртал ухуулагчид "алан хядагчдад тооцоо бодох ёстой" гэсэн агуулга бүхий мэдэгдлийг ар араасаа хийжээ. Тухайлбал, Оросын телевизийн хөтлөгч Тина Канделаки "Манай улс хэзээ хариуг нь өгч эхлэх юм? Алан хядагчид гэрэл цахилгаан, устай байна, тэнд төмөр зам, зоогийн газар, интернет ажиллаж, алуурчдын удирдагчид камер дагуулан улс орноороо явж байна" хэмээн бичжээ.
Харин өөрсдийгөө тунхагласан Донецк улсын тэргүүн Денис Пушилин Татарскийг "Донбасс болон Оросын аугаа эх оронч" хэмээн нэрлээд түүний үхэлд Украины талыг бруутгасан байна.
"Алан хядагчид үүнээс өөрийг чадахгүй, Киевийн дэглэм бол алан хядагч дэглэм. Тэднийг устгах ёстой, өөрөөр зогсоох боломжгүй" хэмээн мэдэгджээ.
Харин Украины тал Петербургийн кафед болсон дэлбэрэлтийг "дотоодын терроризм" хэмээн нэрлэсэн байна.
"ОХУ-д юм эхэлж байна. Шилэн савны дотор аалзнууд нэгнээ барьж идэж байна" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк Твиттер хуудсандаа бичжээ.
Түүнчлэн "дотоодын терроризм нь улс төрийн дотоод тэмцлийн арга хэрэгсэл болох нь цаг хугацааны л асуудал байсан" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |