“Жорлон” үндэсний чуулган өнөөдөр эхэллээ. Энэ чуулганд “Грийнлэнд прайндли” ХХ-ийн захирал П.Оюунбат Улаанбаатар хотын нүхэн жорлонгийн судалгааг танилцуулав.
Тэрбээр “Улаанбаатар хотын гэр хороолол 2000 оноос тэлсэн. Гэр хорооллын бүс газрын хэвгийн дээд хэсэгт төвлөрсөн байдаг. Энэ нь нянгийн бохирдол хөрсөнд тархах, гүний усанд нэвчих үндсэн шалтгаан болж байна.
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон. Нэг нүхэн жорлоноос 4-5 м-ын зайд бохирдлын индекс 2.2-2.8 буюу маш их бохирдолттой байна.
Нийслэлийн хөрсний 3-6 м-т хамгийн их бохирдол агуулагдаж байна. Энэ нь гүний усанд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар ойролцоог гүний худгаас дээж авсан. 27 м-ын гүнтэй худгаас хүний ялгадсанд байдаг нян бактер илэрсэн. Төвийн гэр хороолол болох Гандан, Дөлгөөн нуур, 32 тойрог орчмын гэр хорооллын хөрс ялгадсаар бохирдож, доошоо нэвчсэн. Нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, Улаанбаатар хотын газрын доорх нам гүний усыг бохирдуулж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалж байгаа ундны усны эх үүсвэрийг нян бактераар бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх маш өндөр эрсдэл үүсээд байна.
Тэгвэл бохирдлын эх үүсвэрийг яах вэ?
АНУ-ын Maxar Technologies компанийн гүүглэд суурилсан Улаанбаатар хотын 2021 оны орон зайн хэт өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураг худалдаж авсан. Энэ зургийг ашиглаж, Улаанбаатар хотын нүхэн жорлонгийн тооллогыг хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 144 992 нүхэн жорлон байна.
144 992 нүхэн жорлонг цөөлөхийн тулд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Нийт нүхэн жорлонг үнэлж, хаана байгаа жорлон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, бохирдлын индекс гаргасан. Хүний эрүүл мэнд, ундны усаа хамгаалахын тулд эхний ээлжинд 9443 жорлонд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна" гэдгийг танилцууллаа.
Уншиж байна |