Крымийн гарнизоны цэргийн шүүх Украинд дайтахаас татгалзсан цэргийн алба хаагчийг чанга дэглэмтэй шоронд есөн жил хорих ял оноожээ. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан цэргийн албанаас оргон зайлах тухай шинэчилсэн зүйл ангийн дагуу хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар "The Moscow Times" сонин мэдээлжээ.
Хэргийн материалд өгүүлснээр, гэрээт цэрэг Севастополь дахь цэргийн ангиа дур зоргоор орхин явсан байна. Ингээр Крымийн нутаг дэвсгэр дээр амьдрах болсон бөгөөд түүнийг нэгдүгээр сарын 25-ны өдөр хууль сахиулагчид баривчилсан аж. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, оргон зайлсан нь Украинд дайтахыг хүсээгүйтэй холбоотой гэж мэдүүлсэн хэмээн шүүхийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Энд дуулгахад, 2022 оны есдүгээр сард Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хэдхэн хоногийн дараа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, цэргийн албанаас оргон зайлсан хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгаж, хууль зөрчвөл 7-10 жилийн ял оноохоор болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |