ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш Украины шүүх Оросын хэд хэдэн цэргийн алба хаагчид ял шийтгэл оноосон юм. Энэ удаад Буриадын оршин суугчид 12 жилийн хорих ял оноожээ.
"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, Буриадын 31 настай мэргэн буудагч, тагнуулч Чингис Дамбаевыг энгийн иргэнийг хөнөөхийг завдсан, дайны хууль зөрчсөн хэрэгт буруутган 12 жилийн хорих ял оноожээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чингис Дамбаевыг Украины олзны цэргүүдээр солилцсон тул түүнд эчнээ ял оноож, эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Шүүхийн тогтоолд өгүүлснээр, 2022 оны гуравдугаар сарын наймны өдөр Чингис Дамбаев Киев мужийн Бузов суурингийн ойролцоо нүүлгэн шилжүүлэх цувааны нэг машиныг зогсоожээ.
Тухайн үед тэрбээр согтуу байсан бөгөөд хоёр хүүхдээ аван явж байгаа гэр бүлийн машиныг зогсоосныхоо дараа машин жолоодож явсан эрийг зэвсгээр сүрдүүлэн, машинаас гарахыг шаардан, дараа нь өмдөө шувтлахыг тушаасан байна. Түүний биед үзлэг хийсний дараа гавлын ясны шивээсийг нацист бэлгэдэл гэж Дамбаев үзэн, иргэний толгой тус газар нь автомат буугаар цохижээ.
Түүний өмгөөлөгч Виктор Паета шүүхээс "байж болох хамгийн бага ял оноох"-ыг хүссэн гэнэ. Чингис Дамбаев бага насны хоёр охинтой, тэднийгээ тэжээхийн тулд ажил хийх ёстой ч Орост ажил олоогүйн улмаас дайнд явсан гэж өмгөөлөгч мэдэгджээ.
Өмнө нь Украинд Оросын танкчин Михаил Куликовыг Черниговын захад байх орон сууцны байр руу буудсан хэрэгт бугруутгаж, 10 жилийн ял оноож байлаа. Харин өөр нэг цэргийн алба хаагч болох Вадим Шишимариныг Сумск мужид энгийн иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутган, бүх насаар нь хорих ял оноосон бол дараа нь давж заалдах шатны шүүх ялыг хөнгөлж, 15 жилийн хорих ял оноосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |