АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп порно одтой нэр холбогдож, түүний "амыг хамхихаар" их хэмжээний мөнгө төлснийхөө төлөө ихээхэн дуулианд нэр холбогдсоны дээр шүүх энэ хэргийг шалгахаар болсон. Улмаар Манхэттений тангарагтны шүүх пүрэв гарагт Трампад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Дональд Трамп эрүүгийн хэрэгт татагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо.
Энэ нь порно од Сторми Дэниэлсд дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөн хэрэгтэй холбоотой хэд хэдэн хэрэг үүсгэсний нэг нь аж. Хэргийн материалд өгүүлснээр, 2016 оны сонгуулийн өмнө Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан Сторми Дэниэлсд 130 мянган доллар өгчээ. Энэ нь Трамптай 10 жилийн өмнө бэлгийн харьцаанд орсон талаараа ам нээхгүй байх нөхцөлтэйгээр Дэниэлсд өгсөн шан байв.
Тангарагтны шүүх дээрх шийдвэрийг гаргаснаар Манхэттений тойргийн прокурор Элвин Брэгг Трампад албан ёсоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байгаа юм. ВВС агентлагийн мэдээлснээр, Флоридад амьдардаг Трамп Нью-Йорк хотноо шүүхийн өмнө зогсох шаардлагатай болж байгаагийн дээр түүнийг албан ёсоор баривчилж болзошгүй аж. Түүнээс хурууны хээ авч, эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдах хүмүүсийн адилаар гэрэл зургийг нь авч хэргийн материалд хавсаргаад дараа нь хэргийн анхны сонсгол болох юм байна. Америкийн CBS телевизийн мэдээлснээр, Трамп ирэх долоо хоногт Нью-Йоркт ирж магадгүй гэнэ.
Тангарагтны шүүх өөрийнх нь эсрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасны дараа Дональд Трамп энэ шүүхийг зарлан хуралдуулсан, Ардчилсан намын төлөөлөгч прокурор Брэггийг "Жо Байдены өмнөөс бохир ажлыг нь хийж байна" хэмээн буруутгажээ.
"Трампыг залхаах бодолдоо автсан ардчилагчид худал ярьж, луйвардаж, хулгай хийж байсан. Одоо тэд төсөөлөхийн аргагүй зүйл бодож олжээ. Огтоос гэм зэмгүй хүнийг буруутгаж, сонгуулийн өмнөх кампанит ажилд хутгалдаж байна" хэмээн Трамп мэдэгджээ.
Харин Трампын улс төрийн өрсөлдөгч, Ардчилсан намаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Адам Шифф тангарагтны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
"Ерөнхийлөгч асан хүний эсрэг албан ёсоор хариуцлага хүлээлгэх нь урьд хожид байгаагүй үйл явдал. Гэхдээ Трампын хуулийн эсрэг гарагсан үйлдэл нь мөн л өмнө нь гарч байгаагүй үйлдэл. Баян чинээлэг, нөлөө бүхий хүмүүс өндөр албан тушаал хашиж байсан ч хууль ёс мөрддөг үндэстэн тэднээс хатуу хариуцлага нэхэх ёстой"
хэмээн Шифф Твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Трампын эсрэг хэргийг парламентад шалгах ажлыг санаачилж байсан юм.
Трамп ба Дэниелс
Дэниелс болон ирээдүйн ерөнхийлөгчийн харилцаа 2006 оны долдугаар сард буюу Трамп Ерөнхийлөгч болно гэж төлөвлөж эхлээ ч үгүй, чинээлэг бизнесмен, алдартай шоуны хөтлөгч байх үеэс л эхэлжээ.
Тухайн үед, Тахо нуурын эрэг дээр байх амралтын бүсэд болсон гольфын тэмцээний үеэр тэд анх уулзсан гэж Дэниэлс ярьж байв. Тэрбээр 2011 онд In Touch Weekly хэвлэлд ярилцлага өгсөн нь 2018 оны нэгдүгээр сард л бүрэн эхээрээ хэвлэгдсэн юм. Энэ ярилцлагадаа Дэниелс Трамп түүнийг оройн хоолонд урьж, улмаар тэд өрөөнд нь орсон талаар ярьжээ.
"Тэр буйдан дээр хэвтээд зурагтаар нэг юм үзэж байсан. Трамп тэр үед унтлагын өмдтэй байсан юм" хэмээн Дэниелс ярьжээ. Түүний өгүүлснээр, гагцхүү энэ буудлын өрөөнд Трамп, Дэниелс нар бэлгийн харьцаанд орсон гэх бөгөөд харин Трамп болон түүний өмгөөлөгч нь энэ яриаг эрс үгүйсгэдэг юм.
Харин 2018 оны гуравдугаар сард телевизээр цацсан ярилцлагын үеэр Дэниелс ярихдаа Трамптай учирсан талаар хэнд ч ярихгүй байхыг түүнд сануулж, сүрдүүлсэн хэмээж байв. 2011 онд ярилцлага өгөхөөр зөвшөөрсний дараа Лас-Вегас хотын машины зогсоол дээр байхад нь нэг эр түүн рүү дөхөж ирээд "Трампыг тайван орхи" гэж сүрдүүлсэн хэмээн Дэниелс ярьж байжээ.
Түүх олон жилийн дараа сөхөгдсөний учир
2018 оны нэгдүгээр сард Wall Street Journal сонинд Трамптай холбоотой нэгэн нийтлэл гарав. Энэ нийтлэл дээр Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас нэг сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн порно од Дэниелсд 130 мянган доллар төлсөн хэмээсэн байжээ.
Порно од цаашид юу ч ярихгүй, амаа хамхина гэж тохиролцсоны үндсэн дээр 130 мянган долларыг өгсөн гэж нийтлэлд онцолсон байв. Ийнхүү мөнгө төлсөн нь хэрэг зөрчилд тооцогдохгүй ч мөнгө зарлагадахдаа "шүүхийн зардал" гэж тусгасан байсан нь хэрэг үүсгэх шалтгаан болсон аж.
Нью-Йоркийн прокурорын газар энэхүү үйлдлийг санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд бичиг баримт хуурамчаар үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж зүйлчлэх боломжтой байдаг гэнэ. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хэрэг түүний эсрэг эргэвэл Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |