ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдээснийхээ дараа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, дайн эсэргүүцсэн хүмүүсийг "армийн нэр хүндэд халдсан" хэргээр буруутгах болсон юм. Улмаар дайн эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн, үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн хүмүүс торгууль, саатуулах, хорих ял гээд төрөл бүрийн шийтгэл амссаар байна.
"Настоящее время" сонины мэдээлснээр, энэ удаад, Тула хотын шүүх улс төрийн үзэн ядалтын сэдлээр балмад үйлдэл гаргасан, экстремист үйл ажиллагаанд уриалсан гэж Антон Завадский, Фаик Ханжигазов гэсэн хоёр иргэнд хоёр жилийн ял, тус бүр 180 мянган рублийн торгууль оноожээ.
Тэд ийнхүү шийтгүүлэх болсон нь "Путлерийг түлхэн унага! Дайныг зогсоо!" гэсэн бичиг орон сууцны орцонд бичсэн, олон нийтийн газар ийм бичиг бүхий цаас наасантай холбоотой аж.
Завадский, Ханжигазов нарыг 2022 оны гуравдугаар сард баривчилсан байна. Эхлээд тэднийг гэрийн хорионд оруулж, улмаар шүүх хурал болсноор тэдэнд ял оноосон байна.
"Медиазона" хэвлэлийн бичсэнээр, ОХУ Украин руу халдсанаас хойш Оросын шүүхэд ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан тухай 6000 гаруй хэрэг шилжин очжээ. Улмаар 503 хүн дайн эсэргүүцсний улмаас эрүүгийн хэрэгт татагдан, шүүхээс ял шийтгэл сонссон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |