Францын иргэд эрх баригчдын явуулж буй тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсаж, үймээн дэгдээсээр байна. Лхагва гарагт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 53 цагдаа гэмтсэн талаар France Press агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр үймээн дэгдэж, эдгээрээс хамгийн өргөн цар хүрээтэй үймээн Насьон талбай дээр болсон байна. Үймээн дэгдээгчид хар хувцас өмсөн, нүүрээ халхалсан байжээ. тэд цагдаагийнхан руу лонх шидэж, хогийн сав шатааж, супермаркетуудыг тоножээ. Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласан байна. Энэ үеэр 78 хүнийг баривчилж, таван хүнийг торгосон бол 53 цагдаа гэмтжээ. Түүнчлэн 11 жагсагч эмнэлэгт хүргэгдэж, 12 хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Харин гол эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрчээ. Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, Парист болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 93 мянга, харин орон даяар 740 мянган хүн нэгджээ. Энэ нь мягмар гарагт болсон арга хэмжээнд оролцогчдоос бага тоо юм. Тухайн өдөр Парист болсон жагсаалд 450 мянг, Франц даяар хоёр сая гаруй хүн оролцсон гэж Үйлдвэрчний эвлэл мэдээлж байв.
Дараагийн эсэргүүцлийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын зургаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Эрх баригчид тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн олон нийт хуулийн төсөл яригдаж эхлэх үеэс л эсэргүүцэж, ажил хаяж байсан ч засгийн газар энэ хуулийг баталсан юм. Улмаар иргэд эсэргүүцлээ үргэлжлүүлж, төрөл бүрийн салбарынхан ажил хаясны улмаас нислэгүүд саатаж, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдсон бол Луврын музей, Эйфелийн цамхаг зэрэг жуулчид ихээр татдаг дурсгалт газрууд хаагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |