Украин руу түрэмгийлсний дараа Оросын аюулгүй алба болон тагнуулынхан армиасаа ч илүү амжилтад хүрсэн ч тусгай албадын ажиллагаанд дутагдал байдгийн улмаас Украин руу түрэмгийлэх Оросын төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Британийн Royal United Services Institute үзжээ. Энэ хүрээлэнгийн судлаачдын гаргасан тайланд өгүүлснээр, тусгай албадынхны нэг алдаа нь Оросын Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх гэсэн оролдлого байсан гэнэ.
"2022 оны хоёрдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар. Орос, Украины дайны үеийн Оросын ажиллагаанаас авах урьдчилсан сургамж" илтгэлд өгүүлснээр Оросын Холбооны аюулгүй байдлын алба болон бусад тусгай албад нарийвчилсан төлөвлөгөөний ачаар ОХУ-ын армийн эзлэсэн нутгууд дээр үйл ажиллагаагаа жигдрүүлж, эзлэн түрэмгийллийн дэглэмийг байгуулахад мэдэгдэхүйц амжилтад хүрсэн аж.
Илтгэлийн зохиогчид болон Жек Уотлинг, Александр Данилюк болон Ник Рейнольдс нарын онцолж байгаагаар Москва эзлэн түрэмгийллийг төлөвлөх үедээ Украин дахь Оросын тусгай албадын төлөөлөшчдийн сүлжээнд найдаж байсан гэнэ. Гэвч тусгай албадад байх олон дутагдал Оросын арми дайнаас өмнө боловсруулсан төлөвлөгөөг бүтэлгүйтүүлжээ.
Энэ илтгэлийг тагнуулын байгууллагуудын төлөөлөгчид, Украины аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн олон ярилцлага дээр тулгуурлан гаргасан байна. Түүнчлэн бусад тагнуулын мэдээллүүдийг ч ашиглажээ.
Тайлагнах соёл буюу Путиний төлөөх ажил
Илтгэлд онцолсноор, Оросын тусгай албадад хүчин чармайлтаа эрүүлээр үнэлэх, шударга байх зарчим хангалтгүй байдаг гэнэ.Оросын тусгай албадын өөр нэг дутагдал нь загвар баримталдаг явдал аж. Ажиллагаа бүрт тухайлсан арга замыг сонгодоггүй, төлөвлөгөө хэрэгжихгүй нөхцөлд Зөвлөлтийн үеийн шалгарсан арга ашигладаг гэж илтгэлд онцолжээ.
Тусгай албаныхан Владимир Путиний хүсэл эрмэлзлийг хэрхэн ойлгон хүлээн авсандаа нийцүүлэн ажиллагаа боловсруулж, Путиний хүсэлд нийцүүлэхийг эрмэлзэж, үүнтэй уялдуулан нөөц боломжоо хуваарилдаг гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар, энэ бүхэн нь Британийн түүхч, нацизм судлаач Ян Кершоугийн "фюрерийн төлөөх ажил" хэмээх томъёололтой илүүтэй адилхан харагдаж байгаа бөгөөд Гитлерийн үед түүнийг зорилго тавихад төрийн байгууллагууд энэ зорилгод хүрэхийг хичээж, хөрөнгө мөнгийг тооцоолдоггүй байсан аж.
Ажиллагаанд хэрхэн бэлдсэн бэ?
Эзлэн түрэмгийллийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үндсэн механизм болгон Украиныг дотроос нь хагалан бутаргаж, удирдлага, цэргийн командлал, хяналтын системийг алдагдуулан, украинчууд төрдөө итгэх итгэлээ алдах, улс орныг тогтворгүй болгох, олон улсын зүгээс Украинд үзүүлэх тусламжийг багасгах нөхцөл бүрдүүлэхээр Оросын тал төлөвлөж байсан аж.
ОХУ анхнаасаа л хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж тооцоолоогүй, тиймдээ ч ажиллагааны эхний шатанд л логистикийн тал дээр бүтэлгүйтсэн гэж илтгэлд онцолжээ. Судлаачдын үзэж байгаагаар, Украиныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө гаргах үүргийг Холбооны аюулгүй байдлынхан 2021 оны долдугаар сард авсан аж. Ийм төлөвлөгөө гаргахад Холбооны аюулгүй байдлын тагнуулын сүлжээг бэлтгэх шаардлагатай болсон тул 2021 оны намар Украин дахь Оросоын тагнуулууд Турк, Кипр, Египетийн амралтууд руу богино хугацаагаар аялж, тэндээ зааварлагчидтайгаа уулзаж байсан гэнэ.
Энэ илтгэлд Оросын тусгай албадын ажиллах аргыг онцолсон байна. Судлаачдын үзэж байгаагаар, Оросын тусгай албад Оросын тагнуулуудын ажлыг багасгаж, харин тухайн газар нутагт хүмүүсийг элсүүлэн, өөрсдийн сүлжээгээр дамжуулан тэднийг удирддаг гэнэ.
"Ийм хүмүүс нь тухайн орондоо улс төр, эдийн засаг эсвэл өөр чухал албан тушаал хашдаг бол тэднийг Оросын тагнуулын хувиар биш харин хувийн түнш болгон элсүүлдэг. Ингэснээр тэд Оросын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахаас аргагүй болдог. Энэ бол өөр улсад хүмүүсийг элсүүлэнх олон аргын нэг. Өөрийн орны удирдлагынхаа даалгаврыг биелүүлж байна гэж бодтол үнэн хэрэгтээ энэ даалгаврыг Москва боловсруулсан байдаг" хэмээн илтгэлд онцолсон байна.
Украины тухайд, олон жилийн туршид Оросын тусгай албадтай холбоотой байсан хэд хэдэн өндөр албан тушаалтан, улс төрчид энэ үүргийг гүйцэтгэжээ.
Оросын тусгай албадын төлөөлөгчид Украинд дотоодод нь тогтворгүй байдал үүсгэх, тэр дундаа тагнуулын байгууллага, хууль сахиулах болон төрийн бусад байгууллага, улс төрийн нам, олон нийтийн байгууллага болон гэмт хэргийн бүлэглэлийнхний дунд тогтворгүй байдал үүсгэхийг хичээсэн байна. Түүнчлэн Оросын тагнуулын төлөөлөгчид өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээг үүсгэх ёстой байжээ. Энэ төлөвлөгөө ёсоор Украины дээд удирдлагад нөлөөлөөд зогсохгүй НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө Украин татгалзах, төвийг сахисан байр суурьтай болох ёстой байв. Тусгай албадын төсөөлснөөр, 2014 онд болсон шиг өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн давалгаа дэгдэж, улс орон тогтворгүй болох ёстой байсан гэнэ. Гэвч үнэндээ ийм зүйл болоогүй юм.
Илтгэлд өгүүлснээр, Оросын тагнуулын албаны өндөр албан тушаалтнууд довтлох ажиллагааг 2022 оны зун хүртэл хойшлуулахыг зөвлөжээ. Тэд оны эхээр довтлоход хурдан ялалтад хүрэх боломж бүрдээгүй гэж үзэж байв. Гэвч Кремль тагнуулчдынхаа үгэнд орсонгүй.
.