Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер" компанийг үүсгэн байгуулагч Пригожин засгийн газраа байнга шүүмжлэх болсон нь улс төрийн амбицийг нь илтгэж байна гэж Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчид үзжээ.
Дайн судлалын хүрээлэнгээс гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан тайланд өгүүлснээр, Оросын бизнесмен, "Вагнер" хувийн цэргийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд өнөөгийн нөлөөллөө ашиглаж магадгүй гэнэ.
Тэрбээр гуравдугаар сарын 14-ний өдөр Оросын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагынхаа үеэр өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн өмнө мэдэгдэл хийдэг хэв маягийг дуурайсан гэж Америкийн шинжээчид үзжээ. Тэдний үзэж байгаагаар, Путиний хэв маягийг дуурайсан нь Оросын тэргүүнийг шоглох гэсэн эсвэл тэр өөрөө Оросын Ерөнхийлөгч болно гэсэн дохио өгөхийг хүссэн байж болзошгүй аж.
Энэ ярилцлагадаа Пригожтин ОХу-ын Батлан хамгаалах яамыг дахин шүүмжилсэн бөгөөд вагнерчуудад зориудаар артиллерийн сум өгөөгүй гэж цэргийн дээд удирдлагуудыг буруутгажээ.
Мөн үүнээс өмнө, гуравдугаар сарын 11-ний өдөр Пригожин 2024 онд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж хошигнон мэдэгдсэн нь анхаарал татаж байна гэж судлаачид онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |