ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсны дээр урлаг, спортынхон олон улсын наадам, тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Энэ дайныг Оросын холбоотон болох Беларусь ч дэмжиж байгаа гэсэн шалтгаанаар Беларусийн тамирчид ч олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв. Харин Орос, Беларусийн тамирчид Украин дахь дайныг дэмжихгүй байгаа нөхцөлд олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх зөвлөмж гаргасан гэж Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Томас Бахын өгүүлснээр, Орос, Беларусийн тамирчид Олимпын далбаан дор тэмцээнд оролцох боломжтой байх ёстой гэнэ. Харин Орос, Беларусийн арми эсвэл төрийн аюулгүй байдлын байгууллагатай гэрээтэй тамирчид оролцох боломжгүй аж. Тамирчдыг тэмцээнд оролцуулахдаа тэд дайн дэмжиж мэдэгдэл хийсэн, олон нийтийн жагсаал, цуглаанд оролцож байсан эсэхийг харгалзан үзэх ёстой гэж Бах онцолжээ. Гэхдээ багийн спортын төрлүүдэд оролцох тамирчид олимпын далбаан дор ч тэмцээнд оролцох боломжгүй гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Гэхдээ 2024 онд олон улсын тэмцээн, тэр дундаа Парист болох Олимпын наадамд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах эсэх талаарх эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг Олон улсын олимпын хороо онцгойлон тэмдэглэжээ. Ийм эцсийн шийдвэрийг спортын холбоод гаргах саналыг Олон улсын олимпын хороо тавьсан байна. Мөн ийм шийдвэр гаргахын тулд Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулах эсэх асуудлыг шийдэх тусгай комисс байгуулахыг зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |