Мексикийн хойд хэсэгт байх Сьюдад-Хуарес хотын цагаачдын төвд даваа гарагт гал гарсны улмаас 39 цагаач амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Техас мужийн Эль-Пасо болон Мексикийн Сьюдад-Хуарес хотыг холбодог Стэнтон гүүрний ойролцоо байх Цагаачлалын үндэсний хүрээлэнд даваа гарагийн 22:00 цаш орчимд гал гарсан байна. Тухайн үед энэ төвд Төв болон Өмнөд Америкийн улс орнуудаас ирсэн 68 эр байсан гэнэ. Үйл явдлын гэрчүүдийн өгүүлснээр, энэ төвд байсан хүмүүсийн ихэнх нь Венесуэлийн иргэд байсан аж.
Энэ үйл явдлын дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ цагаачдыг нүүлгэн шилжүүлэхээр болоход тэд эсэргүүцэн гудас шатааснаар энэ гал түймэр гарсан гэдгийг онцолсон байна.
"Тэд ийм аймшигт нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй" хэмээн Мексикийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Гал түймэр гарсан шалтгааны талаарх албан мэдээлэл гараагүй. Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гал гарахаас өмнө энэ төвд үймээн дэгдсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |