2020 онд Люксембург нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих журам нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болсон юм. Ийм шийдвэр хэрэгжсэнээс хойш хэдийнэ гурван жил өнгөрч байгаа бөгөөд оршин суугчид нь энэ журмыг ихээхэн магтаж, дэмждэг талаар Евроньюс агентлагийн сурвалжлагад онцолжээ.
Оршин суугчдын үзэж байгаагаар нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосон нь аялахад хялбар, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлж байгаа гэнэ. Түүнчлэн энэхүү систем нь хүний "үндсэн эрхийг хангаж байгаа" гэж зарим нь үздэг аж.
Люксембургт түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгожээ. 2020 онд Люксембург автомашины тоогоор Европ дахь хамгийн их машинтай орны тоонд багтдаг байв. Европын дундаж үзүүлэлт нь 1000 хүнд 560 машин ноогдохоор байсан бол Люксембургт 1000 хүнд 696 машин ноогдож байжээ. Ингээд замын түгжрэл эрс нэмэгдэж, агаар мандалд хаягдах утааны хэмжээ эрс нэмэгдсэн байна.
Улмаар нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосноор оршин суугчид аажмаар машинаас татгалзаж эхэлжээ.
"Нийтийн тээвэр үнэ төлбөргүй учраас хувийн машин унаж зардал гаргахын оронд нийтийн тээврээр үйлчлүүлэх болсон. Түүнчлэн энэ нь байгаль орчинд ч ээлтэй. Тээвэр бол оршин суугчдын үндсэн эрхийн нэг. Хүн ажил эрхлэх эрхтэй бол ажил руугаа илүү зардалгүйгээр хүрэх эрх ч байх ёстой" хэмээн Люксембургийн оршин суугч Эдгар Бисениус сэтгүүлчид ярьжээ.
Үнэгүй нийтийн тээврийн схем хэрхэн ажилладаг вэ?
2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Люксембургийн бүхий л нийтийн тээврийн хэрэгсэл оршин суугчид төдийгүй жуулчдад ч үнэ төлбөргүй үйлчлэх болжээ. Энэ журам орон даяар үйлчлэх бөгөөд зорчигчид нэгдүгээр зэрэглэлээр зорчихыг хүсвэл тасалбар худалдан авдаг аж.
Үнэ төлбөргүй үйлчилгээ нэвтрүүлсэн ч тээврийн системд хийх хөрөнгө оруулалт саараагүй байна. Шинээр трамвайн сүлжээ байгуулсан нь доголдолгүй ажиллаж байгаа, төмөр замын сүлжээг сайжруулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн гэж эрх баригчид нь мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |