Украины эсрэг Оросын өдүүлсэн дайн удаан үргэлжилнэ гэж Оросын соёл урлаг, улс төрийн төлөөлөгчдөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков анхааруулсан гэнэ. Энэ талаар The Guardian сонины нийтлэлд өгүүлжээ.
The Guardian сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Оросын өндөр албан тушаалтны байранд болсон оройн зоогийн үеэр Дмитрий Песков ийнхүү анхааруулсан гэнэ.
Оройн зоогийн үеэр зочид энх тайван, хэвийн амьдрал эргэн ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэн хундаганы үг хэлэхэд Песков "Намайг ямар нэг юм хэлнэ гэж та нар хүлээж байгаа байх. Бүх зүйл улам хүндэрнэ. Энэ байдал маш удаан үргэлжилнэ" гэжээ.
Өөр хоорондоо дайн эсэргүүцсэн өнгө аястай яриа дэлгэж байсан зочдын урмыг Песковын энэ үг хугалсан гэнэ.
"Түүний үгийг сонсох таагүй байсан. Дайн удаан үргэлжилнэ, бид үүнд бэлэн байх ёстой гэж тэр анхааруулж байгаа нь ойлгомжтой байсан юм" хэмээн тухайн үдэшлэгт оролцсон нэгэн хүн The Guardian сонинд ярьсан байна.
Энэ мэдээлэл гарсны дараа сэтгүүлчид Песковоос энэ талаар тодруулахад тэрбээр ямар нэг тайлбар хийгээгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |