Дайн эсэргүүцсэн зураг зурсан сурагч охины эцэг Алексей Москалёвд Оросын Тула мужийн Ефремов дүүргийн шүүх хоёр жилийн хорих ял оноосон талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Москалёв олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцсан нь армийн нэр хүндийг дахин унагасан гэж шүүх үзсэн ч тэрбээр гэм буруугаа хүлээгээгүй аж. Шүүгдэгч шүүх хуралд ирээгүй, тэрбээр гэрийн хорионд байхдаа зугтсан гэж шүүхийн төлөөлөгч мэдэгджээ. Харин өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ зугтсан талаар юу ч мэдээгүй гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Ийнхүү Москалёвд хорих ял оноосноор охин Мария нь харгалзах хүнгүй үлдэхээр болж байгаа аж. Түүнийг асран хамгаалах асуудлыг ойрын үед шийднэ гэж холбогдох байгууллагууд мэдэгдсэн байна.
Москалёвын хэрэг Орос төдийгүй олон улсад ихээхэн анхаарал татсан юм. Учир нь түүний охин дайн эсэргүүцэж зураг зурснаас үүдэн энэ хэргийг үүсгэсэн. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сард зургадугаар ангийн сурагч Мария Украины далбаа, пуужингаас өөрийгөө хамгаалж буй хүүхэд зуржээ. Хичээл дээр дайн эсэргүүцсэн зураг зурсны улмаас сургуулийн захиргаа цагдаагийн газарт мэдэгдэж, улмаар хэрэг үүсгэн шалгасны дээр Москалёвын эцэг эх байх эрхийг хасна хэмээн сүрдүүлж байв.
Үүний дараа, гуравдугаар сарын нэгний өдөр Алексей Москалёвыг дайн эсэргүүцсэн сэтгэгдэл бичсэн хэргээр саатуулсан байна. Тухайн үед Москалёвыг саатулж байх үеэр охин Марияг нь асрах газарт байлгаж байжээ. Улмаар шүүх Москалёвт гэрийн хорионд байх шийтгэл оноосон ч охиныг нь эцэгтэй нь уулзуулаагүй байна. Асрах газарт охины гар утсыг хураан, аавтай нь уулзуулаагүйн дээр сайн дурын ажилтнуудыг ч охинтой уулзах зөвшөөрөл өгөөгүй талаар Медуза мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |