Буриадын Баргузин аймгийн тэргүүн Михаил Мишурин оршин суугчдад хандан, машинаа фронтод өгөхийг уриалсан гэнэ. Энэ талаар "Люди Байкала" мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Усть-Баргузин сууринд оршин суугчидтай хийсэн уулзалтын үеэр Михаил Мишурин дайнд энэ аймгаас явсан 37 хүн амиа алдсан хэмээн ярьсан гэнэ. Дайчлагдсан залуус байнга тусламж гуйдаг хэмээн Мишурин өгүүлээд "залуус бараг өдөр бүр тэргүүн шугамаас залгаж, тэдэнд хуучин машин худалдан авч өгөөд фронт руу илгээхийг гуйдаг" ч аймгийн төсөвт ийм машин худалдан авах мөнгө байхгүй хэмээн Мишурин өгүүлжээ.
"Тэргүүн шугам руу очоод л дэлбэрч сүйрэх машин авахын тулд хоёр саяыг цуглуулна гэдэг ямар ч утгагүй. Залуус ч ингэж ярьж байгаа. Үүний оронд хуучин машинаа тийш нь явуулж болно, тиймээс л би та бүхэнд хандаж байна. Хэн нэгэнд залууст туслах хуучин машин байгаа ч юм билүү. Тэнд очсон машин ганц хоёр сар болоод эсвэл ганц өдөр болоод л ашиглалтаас гарчихна. Одоогоор дайн дуусаагүй байна, залууст тусламж байнга хэрэгтэй" хэмээн Мишурин иргэдэд хандан уриалсан гэнэ.
Ийнхүү уриалахдаа тэрбээр фронтод машинаа өгчхөөд явсан "өвөө"-ийн жишээг татсан гэнэ. Ахмад настан захиргаан дээр ирээд, машин нь өөрт нь хэрэггүй, жилд ганц хоёр удаа л унадаг тул фронтод өгөхөөр шийдсэн гэж өгүүлсэн аж.
Баргузин аймгийн дарга машин техникээс гадан цэргийн зардалд зориулж мөнгө илгээхийг хүссэн гэнэ. "Ядаж хүн бүр сард 100 рубль өгөхөд ч болно" хэмээн өгүүлжээ.
"Манай аймагт 18-аас дээш насны, 17 мянган хүн бий. Тэд сард ядаж 100 рубль өгвөл 1,7 сая рубль цэргүүдэд тусламж болон очих юм" хэмээн Мишурин өгүүлсэн байна.
Түүний энэ уриалгыг оршин суугчид хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй. Ямартай ч Оросын төрийн мэдлийн хэвлэлүүдээр "Всё за победу" буюу "Бүхнийг ялалтын төлөө" гэсэн уриатай олон нийтийн хандивын аяныг сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг байнга гарч, энэ нэвтрүүлгээр иргэд, хүүхдүүд хэрхэн фронтод дайтаж буй цэргүүдэд туслаж байгаа талаар үзүүлэх болсон юм.
Г.Бямбасүрэн