Барууны орнууд Украины зэвсэгт хүчний байлдааны чадварыг дэмжих үүднээс танк нийлүүлнэ гэж амлаж байсан. Эдгээр танкуудыг нийлүүлэхэд хугацаа шаардлагатай, ирэх намраас нааш танкуудыг Украинд хүргэх боломж бага гэсэн мэдээлэл гарч байсан ч эхний ээлжийн танкууд Украинд очжээ.
Тодруулбал, Британийн Чэллэнжер танкууд Украинд очсон талаар Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. "Тэд хэдийнэ Украинд ирсэн" хэмээн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Ирина Золотарь "Франс Пресс" агентлагт мэдээлжээ. Гэхдээ тэрбээр өөр нээмлт мэдээлэл өгөөгүй байна.
Британиас авсан эдгээр танкуудыг Украины зэвсэгт хүчний хаврын сөрөг давшилтад ашиглахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл гарчээ. Одоо Украины зэвсэгт хүчинд Британийн Чэллэнжер танк, Германы Мардер байлдааны явган цэргийн машинууд, Америкийн Страйкер зэрэг хуягт тээвэрлэгчид шинэ үеийг авчирна гэж Украины Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
"Ердөө жилийн өмнө л манай түншүүдийн дэмжлэг ийм хүчтэй байна гэж хэн ч төсөөлж байгаагүй" хэмээн Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников Фейсбүүк хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн тэрбээр Чэллэнжер танкийг "байлдааны урлагийн бүтээл" хэмээн нэрлэжээ.
Даваа гарагт Британийн Засгийн газар мэдэгдэл хийхдээ, Чэллэнжер 2 танк ашиглах Украины экипажууд сургалт бэлтгэлээ дуусгасан, одоо тэргүүн шугам руу явахад бэлэн гэж мэдэгдж байлаа.
"Украины танкчид Чэлленжер 2 танк эзэмших сургалтаа Британид дуусгаж, Оросын хууль бус түрэмгийлэлтэй үргэлжлүүлэн тэмцэхээр гэртээ харьсан" хэмээн Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа.
Их Британи Украинд 14 танк өгөхөө зарласны дараа л танкчдыг бэлтгэх ажил эхэлсэн юм. Сургалтын явцад экипажийн бүрэлдэхүүн танк жолоодох, командлах, байг тодорхойлж, онох зэрэг дадлуудад суралцжээ.
Челленжер 2: Challenger 2 1998 оноос хойш Британийн зэвсэглэлд байгаа. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй экипажтай байх энэ танк 120 миллиметрийн их буугаар тоноглогдсон, 75 тонн жинтэй аж.
Германы Леопард Украинд
Британийн танкуудаас гадна Германы Засгийн газар амласан Леопард-2 танк Украинд хүрсэн байна. Германы 18 танкаас гадна Мардер байлдааны явган цэргийн машины 40 нэгжийг байлдааны ажиллагааны бүсэд хүргэжээ. Эдгээр цэргийн техникийг хүргэсэн маршрутыг чандлан нууцалсан гэж Der Spiegel мэдээлсэн байна.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц хуягт техник нийлүүлэх болсон талаараа нэгдүгээр сарын 25-ны өдөр зарлаж байлаа. Эхний ээлжинд Леопард 2А6 танк 14-ийг өгнө, түүнчлэн бусад орнууд энэ танкийг Украинд зориулан реэкспорт хийхийг зөвшөөрнө хэмээж байв. Энэ мэдэгдлээс сарын дараа Украинд өгөх танкны тоог 18 болгон нэмэгдүүлжээ. Герман улс Леопард 2А6 танк харин Польш улс Леопард 2AF танк нийлүүлэхээр болсон юм. Польш эхний ээлжинд илгээсэн танкууд хоёрдугаар сарын 24-нд Украинд хүрсэн. Гуравдугаар сард Польш дахин 10 танк өгснөөр Киев Варшавын амласан 14 танкийг бүгдийг нь хүлээн авчээ.
Польш, Германаас гадна Леопард танк нийлүүлнэ гэж Финланд, Канад, Португал, Испани, Норвеги, Дани, Швед, Нидерланд улс амласан юм. Үүний зэрэгцээ АНУ Абрамс танк 31, Их Британи Чэлленжер танк 14-ийг амласан бөгөөд ингэснээр Украины цэргүүд нийтдээ 320 барууны танкаар зэвсэглэгдэх аж.
Леопард 2: Германы зэвсэгт хүчин энэ байлдааны үндсэн танкийг 1979 оноос эхлэн ашиглаж байгаа. Энэ танк 120 миллиметрийн их буутай, экипаж нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, 5000 метр хүртэлх зайд байгаа байг онох чадвартай аж. Олон жилийн туршид сайжруулсан хувилбар нь илүү бат бэх хуягтай болсон. Өнөөгийн A7V цуврал нь 64 тонн жинтэй, 1500 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, дээд хурд нь 63 км/цаг.
Г.Бямбасүрэн