УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээлэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Улстөрийн намын хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Ц.Туваан, С.Одонтуяа, С.Батсуурь нарын оролцсон Ажлын хэсгийг мөн байгууллаа.
Хоёрдугаарт, УИХ-д зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал орж ирж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Манай бүлэгт хамаардаг "Ажнай" гэж хэлэгддэг Д.Бат-Эрдэнэ гишүүнийг түдгэлзүүлэх санал УИХ-д орж ирсэн. Жижиг Тавантолгой бол орон нутгийн өмчит, олон нийтэд ногдол ашгаа өгдөг компани. Жирийн нэг компанийн хувьцаа эзэмшигчийг яагаад оруулж ирж байгаа вэ, гэх асуудал байна. Үүнийг бид гайхаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хэлмэгдүүлж, сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаанд татан оруулах гэж байна уу, гэх хардлагын үүднээс байр сууриа нэгтгэлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэж Д.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбум төгрөг тарааж байна. Энэ нь зохион байгуулалттай, шижиг бүхий зүйл" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардчилалын гол суурь бол цөөнхийн эрх ашиг байдаг. Цөөнхийг эрх ашгийг төлөөлдөг хүмүүс бол СӨРӨГ хүчин байдаг. Бид цөөнхийг эрхийг хамгаалдаг сөрөг хүчний гишүүн Д.Бат-Эрдэнийг эргүүлэн татуулахгүй гэдгээ мэдэгдье" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёр удаа хуулийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан байна. Эхлээд нэг хэрэг тохоод цаашид байнга хэрэг нэмэгдүүлэх маягаар хонгил үүсгэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байгаа" гэлээ.
П.ГОО