АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэрбээр Техас мужид болсон сонгуулийн өмнөх цуглаанд оролцон дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Цагаан ордонд эргэн очмогцоо Украины дайныг нэг өдрийн дотор зогсоож чадна хэмээн мэдэгджээ. Энэ талаар ВВС мэдээлсэн байна.
Трампын мэдэгдсэнээр Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд очсоны дараахан л Владимир Путин Украины хил рүү цэргүүдээ татан төвлөрүүлж эхэлсэн гэнэ. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгчийн захиргаа Путинтэй хэлэлцээ хийх гэж оролдох ч үгүй байгаа хэмээн Трамп буруутгажээ. Харин тэрбээр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Цагаан ордонд очвол Украины хямралыг 24 цагийн дотор зохицуулж чадна хэмээн мэдэгдсэн байна.
"Би маш хурдан зохицуулна. Ердөө 24 цагийн дотор л зохицуулчихна. Та бүхний өмнө зогсож байгаа би бол ийм амлалт өгч чадах цорын ганц нэр дэвшигч. Бид нэн ойртсон III дайнаас би сэргийлж чадна" хэмээн Трамп мэдэгджээ.
Тэрбээр өмнө нь ч ийм утгатай мэдэгдэл хйиж байлаа. Түүнчлэн Путинийг дэмжсэн өнгө аястай байр суурь хэдэнтээ илэрхийлж байв. Тухайлбал, Украин руу халдахаас гурав хоногийн өмнө Кремль Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг Трамп "суут шийдвэр" хэмээж байсан бол Украин улс нутаг дэвсгэрээ өгч, НАТО-д элсэхээс зайлсхийсэн бол ОХУ дайрахгүй байсан гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |