Флорида мужийн нэгэн сургуульд зургадугаар ангийнханд садар самуун зураг үзүүлсэн гэж нэгэн сурагчийн ар гэр гомдол гаргаснаар сургуулийн захирал ажлаасаа халагдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Флорида мужийн сургуульд урлагийн түүхийн хичээл дээр сурагчдад Микеланжелогийн Давидын баримлын талаар ярьсан аж. Энэ баримал дундаж зууны үеийн урлагийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд Давид нь Голиафыг ялсан библийн дүр юм. Мөн энэ хичээл дээр Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Микеланжелогийн "Адамын бүтээл" зургуудыг хүүхдүүдэд танилцуулжээ. Харин үүнийг нэг сурагчийн эцэг эх садар самуун сурталчилсан гэж үзсэн бол өөр хоёр хүн ийм материалыг хүүхдүүдэд үзүүлэхээс өмнө эцэг эхчүүдтэй тохиролцох ёстой хэмээн үзсэн гэнэ.
Ингээд эцэг эхчүүд гомдол гаргасны дараа сургуулийн зөвлөл захирлын асуудлыг хэлэлцэж, түүнийг сайн дураар ажлаасаа гарах эсвэл халагдах гэсэн сонголт өгсний улмаас Тallahassee Classical School сургуулийн захирал Хоуп Каррасакия ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүнийг ажлаас халах болсон шалтгааныг танилцуулаагүй ч Давидын баримлаас үүдэлтэй гомдлын улмаас ажлаас нь халсан гэж захирал эмэгтэй үзэж байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна.
Сургуулийн зөвлөлийн тэргүүн Барни Бишопын өгүүлснээр, өнгөрсөн онд энэ сургуулийн захирлаар ажиллаж байсан хүн хичээл дээр Микеланжелогийн бүтээлүүдийг үзнэ гэж эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдэж байсан, харин энэ удаагийн захирал ийм үйлдэл хийгээгүй гэнэ. Энэ үйлдэл нь том алдаа, учир нь маргаантай сэдвээр хичээл орох гэж байгаа үед хүүхдүүдэд нь чухам юу заах талаар эцэг эхчүүд мэддэг байх ёстой хэмээн тэрбээр онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |