ОХУ Беларусьт цөмийн зэвсэг байршуулна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татлаа. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия 1" сувгийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулна хэмээн мэдэгдсэн хэсгийг гуравдугаар сарын 25-ны үдэш хэвлэлүүд цацсан юм.
Путинийи өгүүлснээр, тактикийн цөмийн зэвсэг тээгч 10 онгоц, мөн л цөмийн зэвсэг тээх чадвартай "Искандер" пуужингийн комплексыг Беларусьт хэдийнэ байршуулсан гэнэ. Мөн 2023 оны долдугаар сарын нэгний өдөр Беларусьт тактикийн цөмийн зэвсгийн агуулахын барилга ашиглалтад орох аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн онцолсноор Беларусийн Ерөнхийлөгч Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутагт нь байршуулахыг эртнээс хүссэн гэнэ. Ингээд энэ "хүсэлтийг биелүүлэх" болсон нь Их Британи Украинд шавхагдсан урантай сум нийлүүлэхээр шийдсэнтэй холбоотой гэж Путин мэдэгджээ.
Орос улс Беларусьт тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлж өгөхгүй, гагцхүү байршуулна, ингэснээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ хэлэлцээрийг зөрчихгүй гэж Путин мэдэгдсэн байна. "Тэд (АНУ) олон жил хийсээр байгааг л Орос хийж байна" хэмээн Путин өгүүлжээ.
Украины байр суурь
Путиний энэ мэдэгдлийн дараа Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгдэл хийхдээ Орос улс Беларусийг цөмийн зэвсгээр барьцаалж байна хэмээжээ. Түүний өгүүлснээр, Путиний мэдэгдэл нь Беларусь дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж, Беларусийн ард түмэн Путин болон орос улсыг "таагүй байдлаар хүлээн авах нь улам даамжрах" магадлалтай аж.
Харин Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Путиний энэ мэдэгдэл нь "гэмт хэрэг үйлдэхэд оролцож байгаагаа дахин баталсан хэрэг" гэж үзжээ. Түүнчлэн Украины зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлж, Оросын "Росатом"-ын эсрэг хориг тавихыг уриалсан байна.
Путиний мэдэгдлийн дараа Украины Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаарджээ. Орос улс Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах гэж байгаа нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хэлэлцээрийг зөрчсөн хэрэг гэж үзсэн Украины ГХЯ Беларусийн ард түмэнд хандан "гэмт үйлдэл гаргахыг үл зөвшөөрөхийг " уриалсан байна.
Европын холбоо хориг тавина
Путин ийнхүү Беларусийн нутагт цөмийн зэвсэг байршуулахаар болсон талаар мэдэгдсэний дараа Европын холбоо Оросын эсрэг дахин хориг тавихад бэлэн гэж Жозеп Боррель мэдэгдлээ.
"Беларусьт Оросын цөмийн зэвсгийг байршуулах нь байдлыг хурцатгаж, Европын аюулгүй байдалд заналхийлнэ. Беларусь үүнийг зогсоож чадна, энэ бол тэдний сонголт. Европын холбоо цаашид дахин хориг арга хэмжээ тавихад бэлэн" хэмээн Боррель мэдэгджээ.
Харин Германы Гадаад хэргийн яам Путиний мэдэгдлийг "цөмийн зэвсгээр айлгах гэсэн ээлжит оролдлого" хэмээсэн байна. Мөн Беларусь улс цөмийн зэвсгээс ангид байхыг олон улсын тунхагуудаар амласан гэдгийг сануулжээ.
Г.Бямбасүрэн