Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамжийг танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат: Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Т.Аюурсайхан сайд юу юу хийж бүтээв? Цаашид ямар ажил үлдээд байна вэ?
Засгийн газар ямар учраас энэ сайдаа чөлөөлж байгаа вэ?
Сайдаас гадна УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдье гэсэн хүсэлт тавьсан байна лээ, Ж.Мөнхбат гишүүнтэй адилхан. Тэр хүсэлт нь зохих удирдлагадаа очсон уу?
Засгийн газрын гишүүдээ хольж солиод, нэг болохоор давхар дээлтэй болгоод байх юм. Үүний цаана ямар бодлого шийдвэр явж байгаа вэ?
Түргэн түүхий шийдвэр хурдтай гарч, тангаргаа өргөөд ордог. Удахгүй солигддог, хаврын тэнгэр шиг байж болохгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, өгсөн байгаа. Та бүхэн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Энэ салбарт надад гол даалгасан ажил бол хууль эрхзүйн орчны томоохон шинэчлэл байсан. Ялангуяа нийгмийн даатгалын хуулийн том шинэчлэл. 4-5 Засгийн газар дамнан яригдсан энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдүүлээд УИХ дээр хэлэлцэгдээд эхэлж байна. Энэ бол гол ажил. Цаашид олон зүйлийг өөрчилж шинэчлэх тэмүүлэлтэйгээр энэ ажлыг хийгээд гурав орчим сар болсон.
Тодорхой хэсэгтэй холбогдуулан нийгмийн сүлжээгээр миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт, доромжлол явсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулж, маш их хөрөнгө мөнгө гаргасан. Олон нийтийн мэдээлэлд үндэслээд хуулийн байгууллагаас надад хэрэг үүсгэсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа. Терроизм, зэр зэвсэг, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар ч баримт нотолгоогүй, зохион байгуулалттайгаар хэрэг үүсгэсэн. Өмнө нь зохиомол хэрэг гэж сонсож байсан ч үзээгүй.
Хуулийн үндэслэлгүй учраас би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тэр дундаа нүүрс, зэсийн экспортод тогтдог.
Монгол Улс нүүрс, зэс гэсэн хоёр том бүлэглэлтэй болсон байна.
Бүгдийг худалдаж авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн байна.
Ордонд шийдвэр гардаг биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гардаг. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл байдал руу Монгол Улс халтирч орсон байна.
Монгол Улс цаашаа явъя гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй.
Тавантолгойд авсан багц арга хэмжээтэй холбоотойгоор эдийн засагт гарсан мэдээллүүдийг харьцуулаад хараарай. Эдийн засгийн өсөлтийг, төсвийн давсан биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо ч байгаа гэсэн үг.
Одоо ч амар биш байна. Нүүрсийг биржээр зарахад хүндрэл гарч байна. Ил, далд олон асуудал үүсэж байна. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Бид ингэж байж энэ асуудлуудыг цэгцэлнэ.
Цаашид эдийн засаг төрөлжинө. Гэхдээ ойрын 15-20 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс, улс төрийн тухай ярихад туйлын хүнд.
Энэ нөхцөл байдлыг өөрчилье. Үүнд МАН, АН, хэн байна уу огт хамаагүй.
Т.Аюурсайхан сайдыг прокуророос яллагдагчаар татсан. Өөрөө орж ирж уулзаад, ажлаа өгч шалгуулахаа хэлсэн.
Засгийн газар, бүлгийн хуралдаанд “Ямар нэг зүйлд холбогдвол ажлаа өгөөд шалгуулаарай. Үнэн мөнийг тогтоолгоорой” гэж хэлсэн. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрхзүйт төрийн тухай, эгэл жирийн бизнесийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болно.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та бүхэн олонх. Та нар 7-8 жил төрийн эрхийг барьж байна. Айл гэрээр яривал хоёр баганын нэг нь танайх. Олонх юм чинь та нар өөрсдөө л асуудлаа шийд. Өргөдлөө хаана хэнд гаргасан талаар тайлбар өгсөнгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганбат гишүүн та нэг зүйлийг дутуу ойлгоод, андуураад байх шиг байна. Энд зөвхөн парламент, Засгийн газар холбоотой биш.
Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Оюутолгойн асуудлууд танай намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн нөхөртэй холбоотой. Тэдний зуурсан бантанг буцаагаад цэгцлэх гэж үйлээ үзэж байна.
Хэдүүлээ үүнд улстөржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлаа шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамжтай танилцсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Б.Хэрлэн