УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Ж.Мөнхбатын хувьд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас өнөөдөр дараагийн даргыг сонгох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн байнгын хорооны саналыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хаврын уралдааныг хориглосноос үүдэн маш олон газар нууц уралдаан явж байна. Эмнэлэг цагдаагүй газар уралдаан явагдаад байна. Иймээс Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг шийдэж өгөөч. Бид өвөл гэж ярьдаг болохоос хавар уралдаж байгаа. Зуны уралдаан хаврынхаас илүү эрсдэлтэй. Та байнгын хорооны даргаар сонгогдвол энэ асуудал дээр ямар байр суурь баримтлах вэ
Байнгын хорооны даргад нэр дэвшигч Н.Энхболд: Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуцдаг асуудлын дотор Төрийн ба төрийн бус байгууллагууд түүнээс гарч байгаа санал санаачлагатай яаж ажиллах вэ, гэсэн хэсэг бий. Үүнтэй холбоотой баяр наадам, үндэсний спорттой холбоотой асуудал яригдаж байна. Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг хорьсон. ХЗДХЯ дээр Үндэсний спортыг зохицуулах хууль боловсруулагдаж байгаа юм билээ. Үүнийг Засгийн газраас оруулж ирэх байх.
Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ илэрхийллээ. Үүний дараа дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хорооны хорооны даргаар Н.Энхболдыг томилох тогтоол баталсанд тооцлоо.
Уншиж байна |