Нигерийн өндөр албан тушаалын улс төрч, түүний эхнэр болон эмнэлгийн зуучлагчийг хүний эд эрхтний наймаанд буруутгасан шийдвэрийг Лондон хотын Эрүүгийн төв шүүх гаргажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Нигерийн сенатч Айк Экверемаду, түүний эхнэр Беатрис болон эмч Обинна Обета нар сенатчийн 25 настай охин Сонид шилжүүлэн суулгах бөөрийг нэгэн залуу эрээс авахаар түүнийг Лагосаас Британид авчиржээ. Тэднийг эд эрхтний наймаанд буруутгасан нь орчин үеийн боолчлолын тухай шинэ хуулиар ялын тогтоол гаргасан, Их Британи дахь анхны тохиолдол аж.
Прокурорын газрын мэдээлснээр, гудамжинд худалдаа хийдэг залуу эрийн бөөрийг авахаар Лондонгийн нэгэн эмнэлэгт авчирсан байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 90 мянган еврогийн үнэтэй байдаг бол бөөрөө өгөх залууд 8000 евро өгч, Британид ажилд оруулж өгнө гэж амлажээ. Энэ залууд мэс заслын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, залуу эмнэлэгт ирж, эмч нартай ярилцсаны дараа л бүхнийг ойлгосон гэнэ.
Сенатч болон түүний эхнэр эмнэлгийн ажилтанд энэ залууг Сонигийн үеэл ах гэж танилцуулсны дээр тэр бөөрөө өгөхийг сайн дураар зөвшөөрсөн гэж үнэмшүүлэхийг оролдсон аж. Их Британид донор болох хүн сайн дураар эд эрхтнээ өгөхийг зөвшөөрсөн бол энэ үйлдлийг хууль ёсных гэж үздэг бол мөнгө болон бусад эд материалын шагнал амлаж эд эрхтэн авах тохиолдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог юм байна.
Ингээд Лондонгийн эмнэлгийн зөвлөх эд эрхтнээ өгөх гэж байгаа залуутай ярилцахад тэрбээр мэс заслын талаар болон үүнтэй холбоотой эрсдэлийн талаар огт мэдээлэлгүй байсан гэнэ. Түүнчлэн мэс заслын дараа өөртөө анхаарал халамж тавихад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөгүй гэдгээ ч залуу эр ярьсан байна. Ингээд мэс заслыг цуцалж, харин бөөрөө өгөх гэж байсан залуу зугтаж, хэд хоног гудамжинд хоноглосны эцэст цагдаагийнханд ханджээ.
"Намайг ийм мэс засалд ороход хэтэрхий залуу байна гэж эмч нар хэлсэн. Харин тэр хүн /сенатч/ намайг Лагос руу буцаан авч яваад, тэнд мэс засал хийнэ гэж хэлсэн" хэмээн мэдүүлжээ. Тэрбээр ийнхүү цагдаад мэдэгдсэний дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |