Францын засгийн газар тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл үргэлжилж, эмх замбараагүй байдал дэгдэх болсон юм. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг батлагдахаас нь өмнө л олон нийт эсэргүүцэж байсан ч эрх баригчид үүнийг үл хайхран хуулийг баталснаар эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.
Пүрэв гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд Франц даяар сая гаруй хүн оролцжээ. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Парис хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцож, цагдаагийнхантай мөргөлдсөн бол Бордод нутгийн захиргааны барилгыг шатаасан байна. Эсэргүүцлийн үеэр 80 хүн баривчлагдаж, мөргөлдөөний улмаас 120 цагдаа гэмтсэн гэж ВВС дамжуулжэээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нэн шаардлагатай гэж үзсэн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн олон нийт ес дэх удаагаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь энэ. Нэгдүгээр сард өргөн барьсан энэ хууоийг өнгөрсөн долоо хоногт парламентаар хэлэлцүүлэлгүй батласнаар хямрал даамжирсан юм.
Пүрэв гарагт Парис хотноо болсон жагсаалд 800 мянган хүн оролцсон гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдээлсэн бол цагдаагийнхан 119 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Жагсаал тайван эхэлсэн ч яваандаа эмх замбараагүй байдал дэгдэж, хэсэг бүлэг хүн цагдаагийнхан руу чулуу шидэж, цагдаагийнхан хариуд нь нулимс асгаруулах хий ашигласан байна. Эмх замбараагүй байдал дэгдэх нь тодорхой байсан тул Парисын дэлгүүр, зоогийн газар болон бусад байгууллагын гадуур хаалт босгож, зам дагуу олон цагдаа зогсжээ.
Пүрэв гарагт болсон эсэргүүцлийн үеэр дэг журам сахиулах ажилд нийт 5000 орчим цагдаагийн алба хаагч оролцсон байна. Жагсагчид зам хаасны улмаас нийтийн тээвэр бүрэн зогсжээ. Мөн Бордод орон нутгийн захиргааны байрыг шатаасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |