Энэ оны нэгдүгээр сард нацистын дарангуйлал, түүний өдөөсөн Холокостын түүхтэй холбоотой хоёр гунигт ой тохиосон. Одоогоос 90 жилийн өмнө, 1933 оны нэгдүгээр сард Адольф Гитлер Германы канцлер болж, есөн жилийн дараа, 1942 оны нэгдүгээр сард нацистын удирдлагын зөвлөгөөн болж, Европын еврейчүүдийг хүйс тэмтрэх хөтөлбөр өнгө төрхөө олсон юм. Холокостын түүхийг өнөө хэр нь дэлхий даяар судалсаар байна. Тэр дундаа хүмүүсийн төдийлөн мэддэггүй түүхийг олон нийтэд хүргэх зорилгоор “Эрх чөлөө” радио станцын сайтад нийтлэгдсэн түүхч Екатерина Герцманы нийтлэлийг товчлон хүргэе.
Хордож үхэхийн өмнөх кофе, секс
Бөөнөөр хорих лагерьт тухайн лагерь эсвэл геттод хүчинтэй Лагергелд гэх валют байдаг байжээ. Энэ мөнгийг нэвтрүүлсэн нацистуудын цаад санаа юу байв?
Юун түрүүнд, ийм мөнгө нь нэг ёсны таних тэмдэг болж байж. Ийм мөнгөтэй хүн лагериас зугтана гэж байхгүй, зугтаж буй хүн хаанаас ирсэн гэдэг нь ойлгомжтой. Мөн энэ мөнгөөр хамгаалагчдыг хахуульдах боломжгүй. Учир нь лагериас өөр газарт энэ мөнгө ашиглагдахгүй. Тиймдээ ч лагерийн валют хоригдлыг гадаад ертөнцөөс тусгаарладаг торны нэг өргөс болдог байж.
Гэхдээ биеэ зөв авч явж, үр бүтээлтэй ажиллавал энэ мөнгөөр хүмүүсийг урамшуулдаг байсан гэнэ. Ийм шагнал авсан хоригдлууд мөнгөө лагерийн нутагт байх дэлгүүр эсвэл биеэ үнэлэгчдийн газарт зарцуулах боломжтой байсан гэх. Түүхчдийн үзэж байгаагаар, хоол хүнс муу, хүнд ажил эрхэлж байсан ч байгалиасаа заяагдмал хэрэгцээ болох бэлгийн амьдралын хэрэгцээ байсаар л байсан аж.
Лагерьт биеэ үнэлэгчдийн газар байгуулах санааг СС-ийн рейхсфюрер Гиммер бодож олсон бөгөөд улмаар Гуравдугаар рейхийн 10 хорих лагерьт биеэ үнэлэгчдийн газрыг байгуулжээ. Тэдгээрээс хамгийн том нь Аушвицийн хорих лагерьт байсан, тэнд 20 бүсгүй ажилладаг байсан гэнэ. Үйлчилгээ үзүүлэхэд 15 минут, төлбөрийг лагерийн мөнгөөр хийнэ. Ийм хэрэгцээгээ хангахуйц хэмжээний хүч үлдээгүй нэгэн нь лагерийн кафед кофе худалдан авахад мөнгөө зарцуулдаг байжээ.
Лагерийн мөнгөний үүсэл
Лагерийн мөнгө анх Польшийн Лодзь хотын геттод 1940 онд үүссэн гэдэг. Энэ санаа ихээхэн ирээдүйтэйд тооцогдож байсан тул дараагийн таван жилд 20 лагерь, гурван гетто өөрсдийн гэсэн мөнгөтэй болжээ. Эдгээр нь өөр өөрсдийн үнэ цэн, загвартай байв.
1943 онд Терезиенштадт гетто /өнөөгийн Чехийн Терезин хотын нутаг/-д Европын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид очихоор болж, геттогийн захиргааныхан үүнд бэлдэж эхлэв. Ингээд 1943 оны дөрөвдүгээр сард Еврейн өөрөө удирдлагын банк байгуулан, гетто-крон гэх тусгай валют гаргажээ. Ийм хуурамч мөнгө гарган, энгийн амьдрал өрнөж байгаа гэсэн төсөөлөл бий болгох зорилготой байж. 1943-1945 оны хооронд энэ банканд ердөө 79 данс л нээсэн байв, учир нь гетто-крон нь ямар ч үнэ цэнэгүй байжээ.
Терезиенштадтын мөнгөн дэвсгэртийн загварыг тэр геттод хоригдож байсан Петер Кин болон Бедржих Фриттан гэсэн хоёр зураач гаргасан аж. 1943 оны тавдугаар сарын 12-ны өдөр гаргасан энэ мөнгөний загвар маш сайн болсон тул өнөөг хүртэл мэргэжилтнүүд үүнийг урлагийн дээд зэргийн бүтээл гэж үнэлдэг байна.
Мөн энэ дэвсгэртэд усан тэмдэг байдаг ноь германчууд лагерийн мөнгө бүтээхэд хэрхэн нухацтай хандаж байсныг илэрхийлнэ. Гетто-крон хоёр жилийн хугацаанд 1, 2, 5, 10, 20, 50, 100 кроны дэвсгэртээр нийт 14 сая мөнгөн тэмдэгт хэвлэгдэж байжээ.
Өдгөө энэ мөнгө цуглуулагчдын хосгүй цуглуулгад тооцогддог, ихээхэн үнэд хүрэх болжээ. Харин түүхдчийн хувьд нацистуудын гэмт хэргийн өөр нэгэн баталгаад тооцогддог байна.
Уншиж байна |