Ши Жинпиний айлчлалын өмнө Владимигр Путин Жэнминь жибао сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ "Сибирийн хүч" хийн хоолойг байгуулж, Хятадад хий нийлүүлэх болсон нь "зууны шилдэг хэлэлцээр" хэмээн нэрлэж байлаа. Мөн Оросын газрын тос, нүүрсний нийлүүлэлт ихээхэн өссөн, улмаар хоёр орны бараа эргэлтийн хэмжээ хоёр дахин өссөн гэж онцолсон байв.
"Сибирийн хүч" хий дамжуулах хоолойг барих санамж бичгийг Орос, Хятад улс 2014 онд байгуулж байлаа. Ойролцоогоор 3000 км үргэлжлэх хийн хоолойг барих ажил 2019 онд дуусч, зардал нь 1,1 их наяд рубль болж байв. Тухайн үед Газпром Хятадын CNPC төрийн компанитай байгуулсан гэрээгээр Оросын тал жилд 38 тэрбум кубметр хий нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Гэхдээ хийн хоолойг бүрэн хүчин чадлаар нь ашиглах ажил аажим явагдсан бөгөөд 2021 онд энэ хоолойгоор 10,4 тэрбум кубметр, 2022 онд 15,5 тэрбум кубметр хий нийлүүлсэн бол 2023 онд 22 тэрбум кубметр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Крымийг эзлэн түрэмгийлсний дараа, 2014 онд байгуулсан гэрээний нөхцөлийг Оросын тал ихээхэн нууцалдаг. Гэхдээ БНХАУ зах зээлийн үнээс харьцангуй бага өртгөөр Оросоос хий авдаг нь хэдийнэ ил болсон юм.
Хятадын гаалийн газрын мэдээлэл дээр үндэслэн БКС-ын шинжээч Рональд Смит тооцоолол гаргахдаа, Газпром Хятад руу нэг мянган кубметр хийг 290 доллараар нийлүүлдэг гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Европын захиалагчид 1000 кубметр хийг 1000 доллараар авч байсан. Эндээс харахад БНХАУ Оросоос хий авахдаа 70 орчим хувийн хөнгөлөлт эдлэж байгаа аж.
Цаашлаад, 2021 оны нэгдүгээр улиралд Хятадад нийлүүлэх хийн үнэ улам буурч, мянган кубметр нь 120 доллараар үнэлэгдэж байв. Харин Тажикистан энэ хэмжээний хийгээ Хятадад 187 доллараар, Казахстан 162 доллар, харин Узбекистан 151 доллараар зарж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |