Олон нийтийн сүлжээнд Dr.DeepSea нэрээрээ алдартай, Өмнөд Флоридагийн их сургуулийн профессор Жозеф Дитури усан дор 100 өдөр амьдрах туршилтаа эхлүүлжээ. Туршилтын зорилго нь усан доорх амьдрал хүний биед хэрхэн нөлөөлөхийг тодруулах явдал гэнэ.
Smithsonian Magazine сэтгүүлийн бичсэнээр, туршилт гуравдугаар сарын нэгэнд эхэлсэн, долдугаар сарын есний өдөр дуусах юм байна. Туршилтын хугацаанд тэрбээр Фллридагийн эрэг орчимд усан дор есөн метрийн гүнд байрладаг "Жюлийн усан доорх байшин" нэртэй буудалд амьдрах аж.
"Хүн усан дор ийм удаан амьдарсан тохиолдол байхгүй. Тиймээс мэргэжилтнүүд намайг анхааралтай ажиглана. Судалгааны явцад би усан доорх өндөр даралт биенд минь хэрхэн нөлөөлөхийг судлах юм. Миний таамаглаж байгаагаар, усан доорх даралт эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө" хэмээн профессор Жозеф Дитури ярьжээ.
Түүний өгүүлснээр, өндөр даралттай нөхцөлд амьдарснаар нас уртсах, хөгшрөлтөөс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх найдвар байгаа гэнэ. Туршилт амжилттай болсон нөхцөлд Дитури усанд доор хамгийн удаан амьдарсан дээд амжилтыг шинэчлэн тогтоох юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |