ECA International кансалтингийн компани бизнес аялагчдын хувьд хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонконгийг дахин нэрлэжээ. Энэ компани жил бүр ажил хэргээр аялагчдад хамгийн өртөг өндөртэй байдаг хотуудын жагсаалтыг шинэчлэн гаргадаг бөгөөд 2022 оны жагсаалтад Хонконг нэгдүгээр байранд бичигдсэн байна.
Хонконг өмнө нь, 2021 онд ч Азийн хамгийн өртөг өндөртэй хотод тооцогдож байв. Энэ хотод ажил хэргээр аялахад өдөрт дунджаар 520 долларын зарлага гардаг аж. Харин Сингапурт бизнес аялал хийхэд үүнээс бага зэрэг бага буюу 515 доллараар хэмжигдэж байна. Гуравдугаарт бичигдсэн Токио хотод бизнес аялагчид өдөрт дунджаар 424 доллар зарцуулах шаардлагатай болдог гэнэ. Японы нийслэлийн араас Хятадын Шанхай хот, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот багтжээ.
Хонконг хэдийгээр Азийн хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдсэн ч дэлхийн жагсаалтыг тэргүүлсэн Нью-Йорктой харьцуулахад өдөрт зарцуулах мөнгө 35 хувиар бага байгаа аж. Нью-Йорк хотод бизнес аялагчид өдөрт дунджаар 796 доллар зарцуулах шаардлагатай байдаг гэнэ. Мөн дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудад Женев, Вашингтон, Цюрих, Сан-Франциско, Тель-Авив зэрэг хотууд багтдаг байна. Энэ жагсаалтыг гаргахдаа 196 орны 457 хотын мэдээллийг цуглуулж, 3-5 одтой буудлуудын өрөөний үнэ, хоол, үйлчилгээ, такси болон бизнесменүүдэд шаардлагатай бусад зардлуудыг тооцон гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |