Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Шувуу ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж, царцаах ажлыг мөрдөх байгууллагуудтай хамтран хийх үүрэг чиглэл өглөө.
АТГ-т шалгагдаж байгаад оргон зайлж, мөрдөн байцаах үйл ажиллагааг тасалдуулсан 18 хүн байгаа. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдах хүмүүстэй нийлээд 100 гаруй хүнийг нутагтаа авчирж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд руу хүргүүлэх үүргийг өмнө нь өгсөн. Энэ ажил хийгдэж байгаа.
Өнөөдөр энэ хүмүүсийн санхүүжилт, гадаадад ашиглаж байгаа дансуудыг хаах үүрэг өглөө. Үүнийг мөрдөх байгууллагын санал, прокурорын тогтоолоор холбогдох банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байгаа”-гаа мэдээллээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл өгчээ. Энэ тухай Х.Нямбаатар сайд "Хувийн хэвшлийг дэмжиж, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах үүрэг чиглэлийг өгсөн.
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.1-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдэл, эс үйлдэхүйг хуульчилсан байгаа ч үүнийг илүү тодотгож, хувийн хэвшлийг төрийн байгууллага, албан тушаалтны элдэв хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалах эрүүгийн эрхзүйн орчныг тодорхой болгох чиглэл өглөө.
Бид ирэх сарын хоёр дахь долоо хоногт багтаан Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |