Оросын Төрийн думын 20 гишүүн "Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй байдалд халдсан"-ы төлөө Украины шүүх 15 жилийн хорих эчнээ ял оноож , өмч хөрөнгийг хураах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Украины Ерөнхий прокурорын албан ёсны сайт эдэр мэдээлсэн байна.
Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Думын 20 гишүүн Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг авч хэлэлцэх хүсэлтийг Ерөнхийлөгч Владимир Путинд тавих тухай тогтоолыг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дэмжсэн байна. Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр тэд Орос болон БНЛАУ, БНДАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гэрээг соёрхон батлахын төлөө саналаа өгсөн аж.
Эчнээ ял сонссон гишүүдийн дунд Төрийн думын Эдийн засгийн бодлогын хорооны гишүүд болох Сергей Алтухов , Андрей Альшевских, Иргэний нийгмийн хөгжлийн хорооны орлогч дарга Ольга Занко нар багтаж байгаа юм байна.
Энд дуулгахад, БНЛАУ, БНДАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх хүсэлт тавьж Төрийн тэргүүнд нэн даруй хандах тухай тогтоолыг Оросын Төрийн думын 351 гишүүн дэмжиж, 16 хүн эсэргүүцэж, нэг гишүүн түтгэлзсэн хариу өгч байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |