Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Оросын арми болон "Вагнер" хувийн цэргийн компани Бахмутын төлөө тулалдах үедээ олон мянган цэргээ алдсан гэж Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Их Британийн төлөөлөгчдийн цэргийн ахлах зөвлөх Ян Стаббс өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, Бахмутын төлөөх тулаанд алдсан Оросын арми болон "Вагнер" компанийн цэргийн алба хаагчийн тоо 20-30 мянга бөгөөд энэ нь алагдсан болон шархадсан хүмүүсийн тоо аж. "Нийтдээ 25 километр орчимд давших үед ийм хохирол амссан нь асар их тоо. Эндээс харахад нэг километр зайд давших бүртээ 800 цэрэг амиа алдсан эсвэл шархадсан, тэдний ихэнх нь Вагнерын хөлсний цэргүүд байсан" гэж Ян Стаббс мэдэгджээ.
Стабссын өгүүлснээр, Вагнерын эзэн Евгений Пригожин Украины дорно хэсэгт амссан хохирлоо нөхөхөд улам л хүнд болох гэнэ. Өмнө нь шоронгоор явж хоригдлуудыг элсүүлж байсан Вагнер компани Орос даяар хөлсний цэрэг элсүүлэх 40 гаруй төвийг байгуулсан юм. Түүнчлэн их дээд сургуулиудаар орж "сайн дурынхан"-ыг элсүүлэх болсон талаар Медуза, Эрх чөлөө радио зэрэг эх сурвалжууд мэдээлж байв.
Хэдийгээр хөлсний цэрэг элсүүлэхээр бүхий л арга чаргаа дайчилж байгаа ч энэ бүхэн нь бие бүрэлдэхүүний хохирлыг нөхөж чадахгүй, цаашлаад Украинд вагнерчууд иэдвхтэй давшиж чадахгүй гэж Стаббс үзэж байгаа аж.
Стаббсын онцолсноор, бие бүрэлдэхүүний хохирлоос гадна ОХУ их хэмжээний хуягт техникээ алдаж, ингэснээр хуучны Т-62 танкуудыг фронт руу илгээхээс аргагүй болсон аж.
Одоогоос жаран жилийн өмнө үйлдвэрлэж байсан ийм танкууд Оросын цэргийн агуулахуудад хадгалагдаж байсан бөгөөд 2022 оны зунаас хойш агуулахаас 800 орчим Т-62 танк гаргаж, фронт руу илгээжээ. Мөн саяхан Украинд оросууд БТР-50 хуягт тээвэрлэгч ашиглаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ тээвэрлэгч нь 1954 онд зэвсэглэлд орж байсан хуучны техник юм.
Стаббсын мэдэгдсэнээр, Орост пуужингийн нөөц ч дуусч байгаа гэнэ. Украины чухал дэд бүтцүүдэд өгч буй цохилт хоорондын зай холдсон нь үүнийг илтгэж байгаа аж.
Энд дуулгахад, Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 28-ны хооронд Оросын арми эззлэх нутгийн хэмжээг 0,04 хувь буюу 234 км.квадратаар нэмсэн байна. Гэхдээ үүний төлөө асар их төлөөс төлсөн бөгөөд Бахмутын төлөөх тулаанд амиа алдсан нэг украин цэрэг бүрт таван орос цэрэг ногдож байгаа гэж НАТО дахь эх сурвалжууд онцолж байв.
Г.Бямбасүрэн