Оросын Су-27 сөнөөгч онгоц Хар тэнгис дээгүүр нисэх үеэрээ Америкийн тагнуулын нисэгчгүй нисэх аппарат болох MQ-9 Reaper-ийг гэмтээж, улмаар Америкийн цэргийнхэн дроныг устгаж, тэнгист живүүлэх шаардлагатай болсон гэнэ. Энэ талаар Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал гуравдугаар сарын 14нд мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ.
"Хар тэнгис дээгүүрх олон улсын агаарын орон зайд даалгавар гүйцэтгэж явсан АНУ-ын тагнуул, ажиглалтын MQ-9 дроныг амдахдаа аюултай, мэргэжлийн бус үйлдэл гаргасан" хэмээн командлалын мэдээлэлд өгүүлжээ.
Америкийн талын мэдээлснээр, мягмар гарагт Төв Европын цагаар 07:03 цагийн орчимд Оросын нэг Су-27 онгоц Америкийн дроныг шүргэсний улмаас Америкийн цэргүүд дроныг устгаж, живүүлэхээс аргагүй болсон гэнэ. Ийнхүү мөргөлдөхөөс өмнө Оросын онгоцууд MQ-9 рүү хэдэнтээ түлш цацаж, дрон дээгүүр "байж болшгүй, экологид аюултай, мэргэжлийн бус байдлаар" нисэж өнгөрсөн гэж Америкийн тал онцолжээ.
Түүнчлэн, тагнуулын дрон нь хууль ёсны дагуу ажиллагаа гүйцэтгэж байсан гэж Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгдсэн байна.
"Манай дроныг Оросын онгоц амдан, устгах үед дрон олон улсын агаарын орон зайд хууль ёсны ажиллагаа гүйцэтгэж байсан. Оросуудын энэ аюултай, мэргэжлийн бус үйлдэл нь арай л хоёр онгоцыг хоёуланг нь сүйрүүлчихсэнгүй " гэж Европ, Африк дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Жеймс Хеккер мэдэгджээ.
Түүнчлэн, энэхүү үйл явдал нь "Олон улсын агаарын орон зай, тэр дундаа Хар тэнгис дээгүүр Оросын нисэгчид АНУ болон холбоотнуудын онгоцтой таарсан нөхцөлд аюултай үйлдэл гаргадгийн дахин нэг жишээ" хэмээн онцолсон байна. Энэ үйл явдал нь Оростой хэлэлцэх ёстой ноцтой тохиолдол хэмээн цохон тэмдэглэсэн байна.
"Төрийн департамент Оросын талтай шууд харилцаж, энэхүү аюултай, мэргэжлийн бус амдах үйлдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлнэ" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдээд энэ талаар Жо Байденд дуулгасан хэмээжээ.
Үүний зэрэгцээ, Хар тэнгисийн бүсэд болсон энэ үйл явдалтай холбоотойгоор Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдыг Төрийн департаментад дуудсан байна. Элчин сайд Анатолий Антонов Оросын төрийн хэвлэлүүдийн сэтгүүлчидтэй ярилцахдаа энэ бүхнийг "өдөөн хатгалга" хэмээн нэрлэсэн гэнэ.
Харин энэ үйл явдалд Оросын тал Америкийг "буруутгажээ". Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр АНУ-ын дрон "огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, жолоодлогогүй болсны улмаас усны гадаргууг мөргөсөн" гэнэ.
"Оросын сөнөөгч онгоцууд хөлгийн зэвсэглэл ашиглаагүй, нисэгчгүй нисэх аппараттай шүргэлцээгүй, баазын нисэх буудалдаа амжилттай газардсан" гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Нисэгчгүй нисэх аппарат MQ-9 Reaper нь их өндөрт удаан хугацаанд ажиглалт хийхэд зориулагдсан дрон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |