АНУ-ын Ерөнхийлөгч тус улсын санхүүгийн систем аюулгүй байгаа гэж мэдэгдсэн ч даваа гарагт дэлхий олон орны банкуудын хувьцаа унасан гэж ВВС мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Silicon Valley Bank (SVB) болон Signature Bank гэсэн хоёр банк дампуурсны дараа банкны системийг хамгаалахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэж Байден амалсан байна.
Гэхдээ энэ дампуурлын улмаас бусад зээлдүүлэгчид хохирол амсаж, улмаар дэлхий даяар хувьцааны үнэ эрс унаж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж. Америкийн хоёр том банк дампуурсны дараа даваа гарагт Испанийн Santander болон Германы Commerzbank-ы хувьцаа 10 гаруй хувиар унасан байна. Түүнчлэн Америкийн хэд хэдэн банкны хувьцааны ханш унаж, илүүтэй хохирол амсаж байгаа талаар ВВС онцолжээ.
Технологийн компаниудад зээл олгох, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Silicon Valley Bank дампуурлаа зарласан юм. Энэ банк АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудын тоонд багтдаггүй ч 2008 оны эдийн засгийн хямралаас хойш Америкийн банкгы салбарт гарсан томоохон асуудал гэж шинжээчид үзэж байна. Америкийн санхүүгийн зохицуулагч байгууллага энэ банкыг баасан гарагт хааж, хөрөнгийг нь хураасан юм. Хөрөнгийн борлуулалтаас үүдэлтэй хохирлыг дарах 2,25 тэрбум долларыг банк олж чадаагүйн улмаас ийнхүү дампууржээ. Гуравдугаар сарын есний өдөр банкны хувьцаа 60 гаруй хувиар унаж, улмаар хадгаламж эзэмшигчид энэ банкнаас мөнгөө ихээр татах болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |