2023 оны төсвийн жил эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Төсвийн захиран зарцуулагч нь энэ онд хийгдэх ажлуудынхаа тендер зарлах ажлыг эрчимжүүлж буй.
Энэ жилийн хувьд төсөв, санхүүгийн хэмнэлтийн жил болгон зарласан. Гэвч аймгууд наадмын талбай засах, дээвэр янзлахад зориулан төсвөөс мөнгө зарцуулахыг хойшлуулсангүй. Тухайлбал, Хэнтий аймаг болон тус аймгийн хэд хэдэн сум энэ жил тэгш ойн баяраа тэмдэглэхээр наадмын талбайгаа барих, засварлах ажлаа эхлүүлээд буй. Тэгвэл үүний араас өнгөрсөн жил аймгуудаас өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынхан наадмын талбайгаа засварлахаар тендер зарлажээ. Уг тендерийн төсөвт өртөг 136 сая төгрөг байх юм.
Сануулахад, Монгол Улсын 21 аймгаас эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлийн дөрвөн бүлэг 174 шалгуур үзүүлэлтээр Дундговь аймаг сүүл мушгисан юм. Дундговь аймаг нь 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, нийслэлд хамгийн ойрхон аймгуудын нэг юм.