ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Буриадад айлчлан, Улаан-Үдийн нисэхийн үйлдвэрт зочлон,Алс Дорнодын хотын хөгжлийн асуудлаар зөвлөгөөн хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Путин Буриадад айлчлах үеэр зохион байгуулах зөвлөгөөнд Алс Дорнодын холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Юрий Трутнев, Буриадын тэргүүн Алексей Цыденов нар биечлэн оролцох юм байна. Харин Засгийн. газрын сайд нар, Өвөр Байгалын хязгаар, Сахалин болон Амур мужийн захирагчид, Оросын компаниудын удирдлагууд цахимаар оролцох аж.
Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Буриадад айлчлахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Буриадын хэвлэлүүдээр гарч байлаа. Путинийг айлчлах үеэр "хачирхалтай үйлдэл гаргахгүй" байхыг Улаан-Үд дэх нисэхийн үйлдвэрийн ажилтнуудад зөвлөсөн талаар "Люди Байкала" үйлдвэрийн ажилтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байв.
"Люди Байкала" сайтын мэдээлснээр, нисэхийн үйлдвэрийн удирдлагууд Путин ирнэ гэж ажилчиддаа дуулгасан гэнэ. Ингээд даваа гараг гэхэд үйлдвэрийн дээвэр дээгүүр мэргэн буучид зогсоно, тиймээс "үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр биеэ авч явахдаа тайван байж, огцом хөдөлгөөн хийлгүй, хачирхалтайгаар биеэ авч явахгүй байхыг анхааруулсан" хэмээн үйлдвэрийн ажилтан ярьжээ.
Путин Буриадад айлчлах талаарх мэдээллийг "Бурятия. Дальше некуда" телеграм суваг болон Ариг-Ус телевиз мэдээлж байв. Путин хамгийн сүүлд 2017 онд Буриадад айлчилж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |