Монгол Улсын иргэн суудлын автомашинаар "Ташант" боомтоор нэвтрэх үед Алтайн гаалийн газрын ажилтнууд машинд шалгалт хийхэд холбогдох баримт бичиггүй барагшуныг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Энэ талаар "Горно-Алтайск инфо" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын иргэн барагшуныг Орост зарах зорилгоор машиныхаа салонд нуун авч явж байсан гэнэ. Үзлэгээр 185 кг барагшуныг 49 хэсэгт хуваан уутласан байсныг илрүүлжээ. Энэ барааг Монголын иргэн гаалийн мэдүүлэгт тусгаагүйн дээр холбогдох баримт бичиггүй байсан аж.
Гаалийн хяналтаас нууж бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэний эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны зөрчлийн хэрэг нээсэн байна. Энэ заалтын дагуу зөрчил гаргахад ашигласан тоног төхөөрөмж, эд материалыг хурааж, торгууль ногдуулдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |