Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад нийслэлийн Хан-Уул дүүргийн өнгөрсөн хоёрдугаар сарын шилэн дансны мэдээллийг хүргэж байна. Тус дүүргийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн сангаас НЭГ ТЭРБУМ 300 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Уг санхүүжилтыг хэрхэн захиран зарцуулсан талаар шилэн дансандаа дараах байдлаар тайлагнасан байна. Хоёрдугаар сард Хан-Уул дүүрэг хэсгийн ахлагч нарын урамшуулалд 160 сая, хороодын албан хаагчдыг чадавхжуулах сургалтын зардалд 9 сая, "Ахмадаа дээдэлье" хөтөлбөрийн хүрээнд сар шинийн баярыг угтан дүүргийн ахмадуудаа баярлуулахад 100 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал, цайны идээ, чихэр, хадаг, ноосон ороолт, өвдгөвч, мэндчилгээний багцын хайрцаг авахад дээрх мөнгийг зарцуулжээ.
Мөн домэйн нэрийн үйлчилгээний төлбөрт 6 сая төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд давс, бодисны сав хийж байршуулах ажлын зардалд 7сая төгрөг, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдын зардалд 14 сая төгрөг, хорооны тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр хийлгэх зардалд 18 сая төгрөг, Зам цэвэрлэгээний давс худалдан авах зардалд 69 сая төгрөг, Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангуулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын зардалд 10 сая төгрөг, 12 дугаар хорооны байранд тавилга эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авах зардалд 17 сая төгрөг зарцуулсан байна.
Мэдээллийн эхэнд дурьдсанаар тус дүүрэг төрийн сангаас тэрбум 300 сая төгрөгийн санхүүжилт авсан бол 700 сая төгрөгийг ийнхүү шилэн дансандаа мэдээлжээ.
Уншиж байна |