Засгийн 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд Засгийн газраас авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгасан.
Үүний нэгдүгээрх буюу ШҮГЭЛ АЖИЛЛАГАА маргааш албан ёсоор эхэлж байгааг ХЗДХ-ийн сайд Д.Солонго мэдээллээ.
Түүний зүгээс "Иргэд, ААН нь төрийн үйлчилгээг авахад хамгийн их хүндрэл үүсгэж, авлига авах эрсдлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллийг авч, дүн шинжилгээ хийж ажиллана. Иргэдээс 11 11 төв, И-Монголиа, Шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудсуудаар дамжуулан мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн нэр хаягласан баримтуудыг хүлээн авах боломжтой. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 9-11 цагийн хооронд явагдана. Арга хэмжээний хүрээнд 11 11 төвийн утсаар болон иргэдтэй биечилж уулзалт зохион байгуулах байдлаар мэдээлэл авна" гэлээ.
- 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.