2020 оны сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй олонхоороо ялалт байгуулсан. Харин одоо МАН-ын олон гишүүдийн нэлээдгүй нь хууль шүүхийн хаалга сахихаар боллоо.
Одоогоор нийтэд тодорхой болсноор буюу долоо хоногийн эхээр АТГ-аас зарласнаас УИХ-ын зургаан гишүүн яллагдагчаар татагдлаа. Үүний тав нь эрх баригч хүчнийх. Энэ сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө. Угаас авилга албан тушаалын хэрэгт нэр дурьдагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд буй.
Ийнхүү энэ сард асуудалтай, авилгын хэрэгт холбогдсон гишүүд парламентаас явах нь. Тэгвэл МАН-ын авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ хэрхэн хариуцлага тооцох вэ? МАН-ын 30 дугаар их хурлаас буюу ХОЁР жилийн өмнө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, хариуцлага тооцох асуудлыг чангатгах чиглэл гаргасан
Тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН цаашдаа илүү дэвшилтэт буюу намын дотоодод байгаа улс төрийн ажил албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйн байдалд ихээхэн анхаарч ажиллана. МАН-ыг засгийн эрхийг барьж байх хугацаанд төрд болон улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал, хүний эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр санал санаачилгатай ажиллахыг шаардаж ажиллана. Нийгэмд хандлагын томоохон өөрчлөлтийг авчрахыг бид зорьж байгаа. Улс төрийн нам дотоод дүрэм, журам, ёс суртахуун, ёс зүй, хариуцлага ярьдаг болж чадсанаараа нийгмийн хандлагыг өөрчлөх суурийг тавина гэж үзэж байгаа. Намынхаа дүрэм, хөтөлбөрт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор хийж өгнө. Уг дүрмийн өөрчлөлтийг маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл МАН-ын дүрмэнд аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтуудыг оруулж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд шууд намын гишүүнээс түдгэлзүүлдэг, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалтууд оруулна" хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудал мөн хөндөгдөх нь ээ.