Гуравдугаар сарын 1-5-ны Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр”-үүдийг зохион байгуулж улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа билээ.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.
Гуравдугаар сарын 2-ны 14.30 цагийн байдлаар Чингис хаан музейг үзэх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа. Ойр орчмын хүмүүс хоорондоо "Өнөөдрийн үзэх хүн нь болсон гэнэ, маргааш л ирэе дээ" хэмээн хаа нэг тийшээ явцгааж байв. Хүмүүсийн ярьж байсан зүйлийг тодруулахын тулд хамгаалалтанд байсан хоёр цагдаагаас очин асуухад: "Музей 16.00 цаг хүртэл ажиллах тул орох хүмүүсийнхээ тоог хязгаарласан. Өнөөдөр орж чадаагүй хүмүүс маргааш ирэхийг хүсэж буцааж байна" гэв.
Өчигдрийн хувьд Чингис хаан Үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байв. Харин энгийн өдрүүдэд өдөрт дунджаар 1000 хүн зорин очиж үздэг ажээ.
Харин тус музейг үзэх гээд оочирлон зогсож буй иргэдээс хэдий хугацаанд зогсож буйг асуухад ойролцоогоор 1-1.30 хооронд оочирлон зогсож байж орж байгаа гэв.
Уншиж байна |