“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд болно. Тус шүүх хурал хаалттай явагдах аж. Үүнтэй холбогдуулан ХҮН-аас өнөөдөр /2023.03.01/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн банкийг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүн буруу тийш хандаж, олон нийтийн хүлээлтээс зөрөх вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийллээ.
Хөгжлийн банкны зээлийн асуудлаар яллагдагчаар татагдсан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш болно. Яллагдагчаар татагдсан зарим нөхдийн өмгөөлөгч “хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх” шалтгаанаар шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан байна. Шүүх хүсэлтийг нь хүлээж аваад хурлыг хаалттай явуулж, хэргийг нэгмөр шийдэх мэдээлэл байна.
Бид хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэлтэй бол хэсэгчилсэн байдлаар хаалттай хийх боломжтой.
Улс төрийн нөлөө бүхий, эрх мэдэлтэй хүмүүс холбогдсон хэрэг. Шүүх хурлыг хаалттай хийвэл ял завших боломж өгөх вий гэсэн хардлага байна.
Хөгжлийн банкны мөнгө бол 100 хувь төрийн өмч бөгөөд төсвөөс эргэн санхүүжилтийг нь хийсэн татвар төлөгчдийн мөнгө. Ард иргэдийн цааш дамжуулан чанаргүй зээл болгосон, зувчуулсан, зориулалт бусаар ашигласан тов тодорхой хэргийг парламент нотлох баримтын хүрээнд нотолж, хууль шүүхийн байгууллагад хүргүүлсэн. Харамсалтай нь энэ хэргийг хаалттай байдлаар эцэслэн шийдвэрлэх гэж байгаа нь буруу. Төр, хувь хүний нууцтай холбоотой асуудал биш. Нээлттэй хийх ёстой” гэсэн шаардлага тавьж буйгаа мэдээлэв.
"Шүүх хурлыг хаалттай хийх нь хүний эрхийг зөрчих, буруутай хүмүүс ял завших, буруугүй нэгэн хэлмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шүүх хурлыг нээлттэй хийснээр шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг" гэдгийг хуульч О.Батхүү хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |