Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар 134 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа, гэрчээр 950 хүнээс мэдүүлэг авч, 905 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хугацаанд 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 хүн байна. Тэдний зургаа нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүд байна. Тухайлбал:
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.5 дугаар зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагдагчаар татагдсан
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Шалгагдаж буй албан тушаалтнууд дотор
Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг
Төрийн нарийн бичгийн дарга нэг
Засаг дарга хоёр
УИХ-ын гишүүний зөвлөх нэг
гаалийн улсын байцаагч 12
ХХЕГ-ын харьяа байгууллагын дөрөв
Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв
боомтын захиргааны мэргэжилтэн хоёр
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурван хүн байна.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо найман яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын гурван талбай)
47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
таван газар
хоёр хуулийн этгээдийн хувьцаа
35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна" гэлээ.
П.Гоо