ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:
"Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.
Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.
Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.
Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.
Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.
Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.
Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна" хэмээн бичжээ.
Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй
Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.
-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?
-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.
-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.
-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?
-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.
-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?
-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн