Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст зөвхөн эмийн эмчилгээ хийдэг байсан. Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлэг тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр өнгөрсөн жилээс эхлэн энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрүүдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж байна.
Тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг амжилттай хийгээд байна. Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.
Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг. Энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор 50-120 мянган ам доллар орчмын өндөр өртөгтэй байдаг учраас манай улсын иргэд гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг.
Тус эмнэлэг цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношлогооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Уншиж байна |