Америкийн Калифорни мужид нэгэн саятан эр алуурчны аграас мултрахын тулд өөрийгөө хулгайлагдаж, алуулсан мэт "жүжиг" тавьжээ. Ийм зохиомол байдал үүсгэхэд түүнд тусгай албаныхан тусалсан гэж Нью-Йорк пост сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, 41 настай Нинус Малан болон түүний сүйт бүсгүйг унтаж байхад өглөө зургаан цагт хаалганы хонх дугарчээ. Тэдэн дээр Холбооны мөрдөх товчооны долоон ажилтан ирсэн бөгөөд Маланыг хүмүүс хөнөөх гэж байгаа, алуурчны гараас мултрахын тулд үхсэн мэт "жүжиг тавьж", хэсэг хугацаанд нуугдахыг зөвлөсөн байна.
Ингээд Малан зөвшөөрсний дараа тусгай албаныхан түүнийг сандалтай хүлж, зодуулсан мэт нүүр будалт хийж, дээр нь хиймэл цус асгажээ. Маланы бүх ухаалаг төхөөрөмжийг нь хурааж, гэр бүлийнхэн болон өмгөөлөгчид рүүгээ ч утасдахгүй байхыг зөвлөсөн байна. Дараа нь Маланыг найз бүсгүйнх нь хамтаар Сан-Диего хотын зочид буудалд хүргэж, буудлын өрөөнд нь цоожлон, харуул гаргажээ.
Тусгай албаныхан ийм ажиллагаа зохион байгуулах болсон нь Маланы бизнесийн хамтрагч Салам Разуки Маланыг хөнөөхөөр төлөвлөж байсантай холбоотой аж. Тэд хамтдаа 10 жил ажилласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн маргаанаас болж тэд шүүхдэлцэж байжээ.
Улмаар Разуки өөрийн харьяанд ажилладаг Сильвия Гонсалез, Элизабет Жуаез нарын хамт үгсэн хуйвалдаж, Маланыг хулгайлж, Мексикт аваачин хөнөөх алуурчин хөлслөхөөр тохиролцсон байна. Ингээд тэд хөлсний алуурчин олж, зоогийн газарт уулзжээ. Харин тэдний олсон хөлсний алуурчин нь Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч байсан аж.
Гурван мянга орчим доллараар хүн хөнөөхөөр зөвшөөрсөн тэрбээр Разуки хоёр эмэгтэй хамтрагчтайгаа гаргасан төлөвлөгөөний талаар нэн даруй Холбооны мөрдөх товчоонд мэдээлжээ. Ингээд Разуки болон түүнтэй үгсэн хуйвалдсан эмэгтэйчүүдийг баривчилсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |