Экваторын Гвинейн нутаг дэвсгэрт Эбола вирусийн төрөл болох Марбург вирус илэрчээ. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын ивээл дор Швейцарт шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, ээлжит халдвараас сэргийлэх вакцин боловсруулан, турших асуудлыг хэлэлцсэн гэж Nature мэдээлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Марбург вирус Экваторын Гвиней даяар төдийгүй хилийн чанадад ч тархаж болзошгүй аж. Энэ вирусийг эмчлэх эм, вакцин байхгүй тул коронавирусийн халдвараас ч илүү аюул дагуулж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. Энэ вирус нэн хөнөөлт гэгдэх бөгөөд Экваторын Гвинейд халдвар авсан 29 хүний ес нь нас баржээ.
Дэлхий даяар энэ вирусийн 16 дэгдэлт бүртгэгдсэн, тархалтын хувьд бага байгаа аж. Марбург вирус халдвартай хүнтэй хүрэлцэх, хувцас болон ор дэрний даавуугаар дамжин халдварлах боломжтой гэнэ. Далд үе нь 2-21 хоног. Вирусийн халдварын үед халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Цаашлаад гурав дахь хоногоос гүйлгэх, гэдсэн тус газар өвдөх, бөөлжих шинж тэмдгүүд илэрдэг, зохих эмчилгээ хийлгээгүй бол долоо хоногийн дараагаас төв мэдрэлийн систем гэмтэж, цус алдаж, ой ухаан самуурах шинж тэмдэг илэрч, ес дэх хоногтоо нас барах эрсдэлтэй гэнэ.
Уншиж байна |