Твиттер олон нийтийн сүлжээг Америкийн тэрбумтан, бизнесмен Элон Маск худалдан авсныхаа дараа хуурамч хаягуудтай тэмцэх үүднээс хаяг баталгаажуулах төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлсэн. Ийм үйлчилгээг Фейсбүүк ч нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Тодруулбал, Фейсбүүк, Инстаграм олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон талаараа Марк Цукерберг мэдэгджээ. Энэ үйлчилгээг авснаар хэрэглэгчийн нэрний ард цэнхэр өнгийн тэмдэг байрших бөгөөд ийм тэмдэгтэй хэрэглэгч бусад төрлийн үйлчилгээг ч авах эрхтэй болох аж.
Цукербергийн мэдэгдсэнээр, цэнхэр тэмдэгтэй хэрэглэгчид хаяг нь цахим довтолгооноос хамгаалагдах нэмэлт хамгаалалттай болохын дээр үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлэх албатай шууд холбогдох боломжтой гэнэ.
"Энэ нь манай компанийн үзүүлж буй үйлчилгээний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн" хэмээн Цукерберг мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.
Эхний ээлжинд энэ үйлчилгээг Австрали, Шинэ Зеландад туршиж, цаашлаад бусад орнуудад түгээх аж.
Meta Verified үйлчилгээ АНУ-д сайтаар худалдан авбал 11,99 ам.доллар, iOS дахь апликейшнээр худалдан авбал 15 ам.долларын үнэтэй байх гэнэ. Энэ үйлчиүлгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны биеийн байцаалтаа оруулах шаардлагатай бөгөөд биеийн байцаалт дээрх мэдээллүүд олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэлтэй нийцэж байх ёстой аж.
Үйлчилгээг авч, хаягаа баталгаажуулсны дараа хэрэглэгчийн хаяг, хэрэглэгчийн нэр, төрсөн огноо болон гэрэл зургийг дахин шалгуулахаас нааш өөрчлөх боломжгүй гэнэ. Мета компанийн мэдээлснээр, хэдийнэ баталгаажсан хаягууд ийм үйлчилгээ авах шаардлагагүй, түүнчлэн байгууллагын хаягуудад энэ баталгаажуулалт хамаарахгүй юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |